Л.Болд Элчин сайдуудтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

Л.Болд Элчин сайдуудтай уулзлаа

Гадаад харилцааны сайд Л.Болд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кристофер Стюартыг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Британий Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйгийн захидлыг гардуулж, талууд хоёр талын харилцааны хүрээнд 2014 онд хийгдэх ажлуудын талаар санал солилцов.

2013 онд Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд хийгдсэн ажлуудын үр дүнд хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр эрчимжин хөгжиж, Монгол Улсын хэрэгжүүлэх томоохон төслүүдэд Британий компаниуд оролцохын сацуу “Оюу Толгой” төслийн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын хэлэлцээ амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа Сайд Л.Болд илэрхийлэв. Мөн энэ онд Лондон хотноо болох Хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болон Британий Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн сайд Уильям Хэйгийн санаачилсан “Мөргөлдөөний үеийн бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх санаачлага”-ын дээд хэмжээний уулзалтад Монголын талаас өндөр түвшний төлөөлөгч оролцуулах боломжийг талууд судлахаар болов.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Карагөзийг өөрийнх нь хүсэлтээр 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав.

Элчин Сайд М.Карагөзтэй уулзах үеэр 2014 онд хоёр орны хооронд дипломат  харилцаа тогтоосны 45 жилийн ойг үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх, ойн хүрээнд Туркийн Үндэсний Их Хурлын дарга, Гадаад хэргийн сайд нарыг тус тус Монгол Улсад айлчлуулах, Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдол бүхий төсөл хөтөлбөр ялангуяа барилгын салбарт Туркийн талаас авах 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн асуудлыг урагшлуулж бодит ажил болгох талаар санал солилцов. Элчин сайд М.Карагөз Монгол Улсаас Турк Улсад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр сурч буй оюутан залуусын тоог хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж