
Улстөрчид өө, та бүхэн Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх гэж нэлээд цаг гарзадлаа. Төсвийн мөнгийг цаас, принтерийн хор гэх мэтхэнд ч их зарцуулсан биз. Гэвч мажоритари, пропорциональ гэдэг үгсийг монголчлоод өгчихгүй дээ. Мал мэддэг малчид мажоритари гэдэг үгийн утгыг мэдэхгүй. Түргэн хэллэгийн мастеруудад ч пропорциональ гэж хэлэх нь түвэгтэй л байх. Эрхэм гишүүд үүнийг анзаарч, ашгүй нэг юм “Холимог” хэмээн ярих боллоо. Гэлээ гээд сонгогчдын зарим нь сонгуулийн тогтолцоо байтугай УИХ-д хэнийг элч болгон илгээснээ ч мэддэггүй юм. Бүр орон нутгийг нь төлөөлөн парламентад суугаа эрхмийнхээ барааг ч харалгүй дөрвөн жилийг үдэх нь бий. Тийм учраас мажоритари, пропорционалиар мэтгэлцэж цаг гарздах хэрэг байна уу.
Уучлаарай, та нар нэг зүйлийг ойлгохгүй байна. Ардын намынхан ирэх сонгуульд ялалт байгууллаа гэж бодъё. Гэвч 2012 оны долдугаар сарын 1-нд юу болох бол. Энэ тухай төсөөлөв үү. Сонгуулийн тогтолцоог өмчилж болдог юм гэхэд сонгогчдын эрхийг өмчлөх түлхүүр тань хаана байна вэ. Ийм асуултыг өөрсдөөсөө асуув уу. Өөр нэгэн асуулт байна. “УИХ-ын 2012 оны сонгуульд Ардын намынхан албаар ялагдвал яасан юм бэ” гэж. Элдэв үймээн самуун дэгдэхгүй амар. Мөнгөнд ч хэмнэлттэй шүү дээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрйин тойм" сонин