
Супер лигийн улирлын тоглолтууд өндөрлөх дөхөж байгаа. Тиймээс багууд плей-оффт шалгарахын төлөөх шийдвэрлэх тоглолтууд хийж байна. Өчигдөр Буянт-Ухаа спортын ордонд болсон гурван тоглолтын мэдээллийг тоймлон хүргэе.
Эхний тоглолт “Сүхбаатар SBL Хасын хүлгүүд” болон “Говь-Алтай МонТорх” багийн хооронд болсон. Энэ тоглолтод “МонТорх” багаас О.Нямбаяр 25 оноо, 8 самбар, Б.Тамжид 15 оноо, 6 самбар, Б.Билгүүн 12 оноо, 8 оновчтой дамжуулалт, З.Өрнөлт 10 оноо, Б.Билэгт 8 оноо, 10 самбар авчээ. Харин “Хүлгүүд”-ээс Lamar Bond 16 оноо, 10 самбар, З.Дэлгэрням 14 оноо, О.Сэргэлэн 13 оноо, Б.Билгүүн 13 оноо, 8 оновчтой дамжуулалт, Чу Мадуабум 12 оноо, Т.Санчир 12 оноо авчээ. Ингэснээр энэ тоглолтонд 105:81харьцаатай “Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд” баг хожиж, улирлын 10 дахь хожлоо авлаа. Тэд улирлын сүүлийн 2 тоглолтоо “Баянгол Гурван Тамир” болон “Дорнод Танан Гарьд” багуудын эсрэг хийнэ. “Хүлгүүд” энэ хоёр тоглолтоос наанадаж нэг хожил авч байж, плей-оффт шалгарах эрхээ баталгаажуулах юм.
Удаахь тоглолт “Баянзүрх Их Өргөө Аравтууд” болон “Баянгол Гурван Тамир” багийн хооронд болсон. Тус тоглолтод “Аравтууд” багаас Д.Мөнхтүвшин 25 оноо, 5 бөмбөг таслалт, Aundra Williams 23 оноо, 16 самбар, 7 бөмбөг таслалт, С.Пүрэвцэрэн 10 оноо, Е.Дорж-Арилд 8 оноо авчээ. Харин Chris Lawson 17 оноо, 4 оновчтой дамжуулалт, P.J.Gaynor 17 оноо, 5 самбар, Г.Цэнгүүнбаяр 16 оноо, 7 самбар, 5 бөмбөг таслалт, А.Гансүх 10 оноо, 8 самбар, Э.Дөлгөөн 8 оноо, 10 самбар, Э.Цэрэнбаатар 7 оноо, 10 самбар авчээ. Улмаар энэ тоглолтод 105:82 харьцаатай ”Баянгол Гурван Тамир” баг өрсөлдөгчөө хожлоо. Ийнхүү өрсөлдөгчөө буулган авснаар “Гурван Тамир” баг улирлын 11 дэх хожлоо авч, плей-оффт шалгарах нь тодорхой болсон лигийн эхний баг боллоо.

Тэд улирлын сүүлийн тоглолтоо өнөөдөр 19.00 цагт “Сүхбаатар SBL Хасын Хүлгүүд” багтай хийнэ. Эдгээр хоёр багийн тоглолт энэ улиралд хамгийн өрсөлдөөнтэй болж, нэмэлт цаг сунгасан тоглолтууд болсон. Мөн хоорондын тоглолтын харьцаа 1-1 байгаа учраас хайнаа хагалах сэтгэл сэргээсэн тоглолт болно. Мөн энэ тоглолтод “Хүлгүүд”-ийн холбон тоглогч М.Бадрах багтайгаа эргэн нэгдэж, эхнийхээ тоглолтыг хийх учраас маш сонирхолтой тоглолт болох нь ээ. Мөн энэ тоглолтоос багуудын пей-оффын байрлал шийдэгдэх гал гарсан тулаан гарах нь гарцаагүй юм.
Өчигдрийн сүүлийн тоглолт “Увс Эрдэнэдрийлинг Ригс” болон “Дорнод Танан Гарьд” багуудын хооронд боллоо. “Гарьдууд”-ын шилдгүүд болох О.Ууганбаяр, Joe Davis нар гэмтлээс эргэж ирэх хугацаа нь болоогүй, энэ тоглолтыг өнжсөн. Харин “Эрдэнэдрийлинг Ригс”-ийн хувьд плей-оффын өрсөлдөөнөө үргэлжлүүлэхийн тулд энэ тоглолтоос сэргэлт авах зайлшгүй шаардлагатай байлаа.
Тоглолтыг эхнээсээ “Дорнод Танан Гарьд” багийнхан хошуучилсан. Улмаар эхний хагаст Гарьдууд 55:47 харьцаатай оноогоор илүүрхсэн. Тэр дундаа энэ хагаст Freddie Woods тун гайхалтай байж, 9 довтолгооныхоо 8-г нь амжилттай болгож, 21 оноо, 9 самбар авсан. Мөн довтолгооны цаг дуусах мөчид 3 ч удаа амжилттай шидэлт гүйцэтгэж чадсан. Гэсэн ч тоглолтын 3-р үеэс “Эрдэнэдрийлинг Ригс” багийн тоглолт сэргэж эхэлсэн. Тэр дундаа “Ригс”-ээс Corey Bethea-н оролт, Ц.Мэргэний холын зайн шидэлт тун гайхалтай байж, багаа сэргээж байлаа. Улмаар 3-р үед Ригсүүд том эргэн ирэлт хийж, тоглолтонд 7 оноогоор хожиж эхэлсэн.
Мөн энэ өдөр “Гарьдууд”-ын довтлогч Dane Rawlins-н хувьд тохолтын үзүүлбэрийн орой болж, олон гайхалтай слэм данкаар Буянт Ухаад цугласан үзэгчдийн сэтгэлийг сэргээсэн. Тэрээр энэ тоглолтод 31 оноо, 13 самбар авсан. Мөн Freddie Woods 26 оноо, 12 самбар, С.Батбямба 16 оноо, М.Отгонмөнх 8 оноо, Ц.Азбаяр 6 оноо, 5 оновчтой дамжуулалт өгчээ.
Харин “Эрдэнэдрийлинг Ригс” багаас Corey Bethea гайхалтай тоглолт үзүүлж, 40 оноо, 7 оновчтой дамжуулалтаар багаа тэргүүллээ. Мөн Ц.Мэргэн 20 оноо, 9 самбар, 5 оновчтой дамжуулалт, Chris Moore 17 оноо, 15 самбар, С.Өрнүүнбилэг 11 оноо, 21 самбар Б.Батжавхлан 9 оноо, Lavione West 8 оноо авчээ. Ингэснээр энэ тоглолтонд 110:91 харьцаатай “Увс Эрдэнэдрийлинг Ригс” баг хожиж, энэ улирлын 9 дахь хожлоо авч байна. Мөн тэд “УБ Альянс Тех Харцага” багтай хийх маш чухал тоглолтын өмнө маш том сэргэлт авч чадлаа. “Ригс” өнөөдөр амжилт тэнцүү яваа “УБ Альянс Тех Харцага” багтай энэ улирлын хамгийн чухал тоглолтыг хийнэ. Учир нь энэ тоглолтод “Харцага” болон “Ригс” багийн хожсон нь плей-оффт шалгарах эрхээ авч, хожигдсон нь “Хүлгүүд”-ийн тоглолтоос шалтгаалж, плей-оффт шалгарах эсэх нь шийдэгдэнэ. “Увс Эрдэнэдрийлинг Ригс” болон “УБ Альянс Тех Харцага” багуудын энэ шийдвэрлэх тоглолт өнөөдөр орой Буянт Ухаа спортын ордонд 21.00 цагаас болох юм.








