
Мэдээж бидний амьдралд хамгийн ойр хамаатай, манай аймгийн газар нутаг дээр, ердөө дэргэд маань үйл ажиллагаагаа явуулж байгаа томоохон уурхай юм. Төмөртийн уурхай буюу олборлолт явуулж эхэлснээс хойших албан ёсны нэр нь Цайртминераль компани.
Монгол улс БНХАУ-ын хувь нийлүүлэн босгосон энэхүү компанийн 49 хувийг монгол, үлдсэн 51 хувийг БНХАУ-ын хөрөнгө оруулагчид нь эзэмшдэг.
30 жилийн нөөцтэйг нь тотоож, олборлолт явуулж эхлээд таван жил өнгөрч байгаа Цайртминераль компанид өдгөө 296 монгол, 44 хятад иргэн ажиллаж байна. Харин эндэхийн монгол ажилчдын цалин 150-240 мянган төгрөг. Харин 44 хятад ажилчид яг хэчнээн төгрөгийн цалин авдаг нь нууц байдаг гэнэ. Нууцлах болсны шалтгааныг монгол ажилчид биднээс хамаагүй илүүг авдаг учраас хэмээн тайлбарлаж байсан. Тус компанид саяхан аймгийн ИТХ-аас оруулсан шалгалтын явцад тэдний ажилчдын ялангуяа монгол ажилчдын эрх ашгийг зөрчсөн ажлын байрны нөхцөл шаардлагын зөрчил багагүй илэрсэн байна. Тухайлбал Цайртминераль компанид үндсэн цалингийн сүлжээ гэж байхгүйгээс гадна дотоод журмаа нийт ажилчдынхаа хурлаар оруулж хэлэлцдэггүй зэрэг ноцтой зөрчил дутагдлууд илэрчээ.
Гэтэл уурхайн олборлолт, олж байгаа ашгийн хэмжээ үүнээс хэдэн сая дахин илүү. Ганцхан тоо баримт дурдъя. Өнгөрсөн 2010 онд гэхэд 246 хувийн ашигтай ажиллажээ. Үүнээс нэг жилд ажилчдынхаа цалинд 1.7 тэрбум төгрөг зарцуулсан нь компанийн олсон ашгийн нийт өртөгийн дөнгөж 4 хүрэхгүй хувийг эзэлж байгаа юм.
Тэгвэл олсон ашиг, татварт төвлөрүүлэх мөнгөний дүн гээд бүх үзүүлэлтийн нэгдлээр улсад эхний таван томоохон уурхайн эгнээнд найдвартай жагсдаг Цайрт минераль компанийн ажилчид өнөөдөр амьдралдаа дөнгөн данган хүрэлцэхүйц хэмжээний цалингаар уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулах үйлсэд хүчин зүтгэж байна. Баялгыг нь өдөр шөнөгүй зөөж байгаа хэрнээ ажилчидда тиймхэн хэмжээний цалин өгчихөөд бид Сүхбаатар аймгийн 300 орчим өрхийн амь амьжиргааг залгуулж байгаа хэмээн хэлж ярих компанийн удирдлагуудад хэний баялгаар юуны ачаар өдий зэрэгтэй яваагаа боддог хүн байдаг болов уу.
Уурхайн нөхцөлд ажиллах нь тийм ч хөнгөн ажил биш. Авч байгаа хэд нь амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй, дээрээс нь тааламжтай биш нөхцөлд ажиллаж байгаа Цайрт минераль компанийн ажилчдын дунд явуулсан санал асуулгад тэдний 95 хувь нь цалингаа нэмүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тухайгаа илэрхийлжээ. Ажилчдын цалинг одоо байгаа дээр нь 500 мянган төгрөгөөр нэмэх буюу нэг хүнийг сард 650-700 мянган төгрөгийн цалинтай болгоход компанийн зүгээс ямар ч алдагдал хүлээхгүй болохыг аймгийн ҮЭ-ийн холбоо болон бусад мэргэжлийн байгууллагууд тооцоолсон байна.
16 мянган гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж, 38 га газар эзэмшиж байгаа Цайртминераль компани орон нутагт дэндүү хүний сэтгэлээр хандаж байгааг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид анхааруулж байсан юм. Бусдын баялгаас хувь хүртэж ашиг олж байгаа гэдэг утгаараа нутгийн ажилчдад хангалтттай хэмжээний цалин хөлс өгчихөд болохгүй зүйл байхгүй. Гэтэл энэ асуудлыг захирлуудын зөвлөлийн хурлаар шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байгаа тус компанийн Тэргүүн дэд захирал Батхүүгийн хувьд цалин нэмэх асуудалд өөрийнх нь эрх мэдэл нь хүрэхгүй гэсэнтэй утга нэг. Гэвч орон нутгийн эрх барих дээд шатны байгуулагаар хэлэлцэж байгаа Цайрт минераль компанийн ажилчдын цалин нэмэх асуудал дээд цэгтээ хүрснийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, үүнээс цааш ийм бага цалингаар амьдралаа өөд татах боломж нөхцөлгүй болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Компанийн ажилчдыг тохуурхаж даажигнасан мэт олгодог нэмэгдлийн хэмжээ ердөө л хоёр талхны мөнгө. Шөнө ажилладаг ажилчдад урамшуулал болгож 1200 төгрөг олгодог гэнэ. Манай улсын саалийн үнээ гэгддэг Эрдэнэтийн уурхайн ажилчдын дундаж цалин 1 сая 500 мянга байдаг бол Цайрт минериаль компани Эрдэнэтээс тийм ч их хол хоцрохгүй нөөц баялгийн хүчин чадалтай. Гэтэл энэ хоёр уурхайн ажилчдын цалингийн ялаа нь тэнгэр газар мэт байгаа нь хачирхалтай. Багануурын нүүрсний уурхайн ажилчид сардаа 500 мянган төгрөг авдаг бол Бор-Өндөрийн уурхайн ажилчид 700 мянган төгрөг авч байна. Энэ бүхэнд дүгнэлт хийж, эрхлэн хийж байгаа хөдөлмөрийг нь үнэлээд ажилчдынхаа цалинг нэмж орон нутагт хөрөнгө оруулалт хийвэл монголчуудыг хүндэтгэж байгаагийн нэг илрэл болох бус уу.
Тус компани нээгдэхдээ 44.8 сая долларын зээлтэй байсныг нь хүндэтгэн үзэж ажилчдын цалинг нэм гэсэн шаардлага тавихаа хүлээзнэж байснаа ҮЭ-ийн дарга хэлж байсан. Харин өнөөдөр дээрх зээлээ аль хэдийн төлөөд дуусч, өдөр шөнөгүй урагшаа зөөгдөх баялгийн ашгаасаа монгол ажилчиддаа чамлахааргүй өгөх бүрэн боломж бий гэдгийг мэргэжлийн байгууллага нотлоод байна.
Цайрт минераль компанийн үйл ажиллагаа эхлэхэд Сүхбаатар аймаг өөрөө өөрийгөө санхүүжүүлэх эх үүсвэртэй боллоо хэмээн цээжээ дэлдэж асан цаг саяхан. Гэтэл өнгөрсөн хугацаанд аймгийн төсөвт оруулах мөнгийг татварын зөрүүний процедураас шалтгаалж, дутуу төлж байсан нь илэрч өнөөгийн аймгийн удирдлага холбогдох албаны хүмүүсийн хамтаар 2008 онд Бээжин хотод очиж, Цайрт минераль компанийн төв группын удирдлагуудтай уулзаж, асуудлаа танилцуулсны эцэст гурван шатны шүүхийн шийдвэрээр аймгийн төсөвт төлөгдөх ёстой байсан 3.2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж чадсан юм. Энэ мэтээр компанийнхаа төв аппарат буюу Бээжин хот дахь NFC группын удирдлагууддаа мэдэгдэлгүйгээр дундаас нь асар их хэмжээний мөнгө завшиж байсан Цайрт минераль компанийн эндэхийн захирал, удирдлагуудын но-той ажиллагаа илэрсээр байгаа.
Хүнийрхүү сэтгэлээр орон нутагт хандаж байгаагийн ганцхан жишээ нь аймгийн ИТХ-аас тус компанид шалгалт хийх үеэр аймгийн төвөөс Төмөртийн уурхай хүртэл хатуу хучилттай зам тавьчихвал жил бүр энэ замыг засч сайжруулах хэрэггүй гэсэн шалгалтын комисст багтсан албаны хүний саналын хариуд Тэргүүн дэд захирал н.Батхүүгийн уурхайн нөөц хэдэн жилийн дараа дуусна. Тэгэхээр энэ хооронд засмал зам тавих нь бидэнд ямар ч ашиггүй. Түүний оронд жилдээ засаад л явж байхад болно гэсэн жинхэнэ хүнийрхүү хувиа хичээсэн хариулт хэлсэн байна.
Цайрт минериаль компанийн дээд удирдлагуудын цаад зорилго нь энэ баялгыг хурдхан ухаад, хөлжих. Үүний дараа бидэнд юу үлдэх вэ? Зөвхөн ухсан нүх, цөлдсөн байгаль, өвдөн гаслах газар нутаг маань л аврал эрсээр үлдэнэ.
Аймгийн ИТХ-аас тус компанийн монгол ажилчдын цалинг нэмэх тухай зөвлөмж чиглэл хүргүүлсэн байна. Ирэх долдугаар сарын 1 гэхэд дээрх зөвлөмжийн хариуг ирүүлэх ёстой. Хэрвээ ирүүлээгүй тохиолдолд Цайрт минериаль компанийн монгол ажилчид эрх ашгийнхаа төлөө, тэмцлийн хурц хэлбэрт шилжиж ч болох юм. Тэр болтол Цайртминериаль компаниас ирэх хариуг хүлээх л үлдэж байна.