Бид яагаад бодлогогүй болчихсон юм бэ

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

Бид яагаад бодлогогүй болчихсон юм бэ

Манай аймаг 100 гаруй мянган хүн амтай. 4 жилийн хугацаатай сонгуулийн бодлоготой. Өөрөөр хэлбэл сонгуульд ялсан нам өөрийн бодлого хэрэгжүүлдэг гэсэн үг. Энэ нь намын мөрийн хөтөлбөр л дөө. Намын мөрийн хөтөлбөрийг амлалтын бодлого ч гэж нэрлэж болно. Яагаад гэвэл тухайн нам нь Засгийн эрхийг барихын тулд юуг ч амлаж болно гэсэн үг. Амлалт нь тухайн үеийн байдлаас шалтгаалах учир үүнийг урьдчилан төлөвлөхөд хүндрэлтэй. 4 жилд ээлж дараалан солигддог амлалтын бодлого нь урт удаан хугацааны хөгжлийг тодорхойлох боломжгүй. Хөгжлийг урт удаан хугацаанд төлөвлөддөггүй учраас бидэнд олон бэрхшээл, зовлон тулгардаг. Жишээ нь хот төлөвлөлт, хотын утаа, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, орон сууцны хэтийн бодлого гэх мэт бичээд байвал маш их бэрхшээл бий.

Урт хугацааны хөгжлийн бодлоггүй нь Монгол хүний хөрөнгөжих шуналтай холбоотой. Монголчууд зах зээлийн системд шилжээд олон жил болж байна. Энэ хугацаанд бид ямар ч байсан хувийн хөрөнгөтэй болцгоосон. Зарим нь хязгааргүй их хөрөнгө мөнгөтэй ч боллоо. Цадахаа мэддэггүй хүн гэж байдаг. Яг үүнтэй адил хөрөнгө хичнээн их нэмэгдсэн ч ханаж цадахаа мэдэхгүй үндэсний баячууд үе удам дамжиж хөрөнгөжиж байна. Энэ бол бүтээн байгуулалтын шунал биш. Би боддогийн Монгол хүний хөрөнгөжих шунал хэдэн жил үргэлжлэх бол доо гэж. 4 жилд ээлжлэн Засгийн эрхийг авахын тулд амлалтын бодлого баримталдаг намуудын цаана мөн л амархан аргаар хөрөнгөжих сонирхолтой бүлэг хүмүүс байдаг нь нууц биш.

Иймэрхүү 4 жилийн мөчлөгтэй улс төржсөн нийгэмд урт удаан хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулаад хэрэгжүүлнэ гэдэг бүрхэг асуудал. Нэг намын боловсруулсан бодлогыг нөгөө нам нь цаашид үргэжлүүлэн авч хэрэгжүүлэх ямар ч боломж үгүй. Яагаад гэвэл нөгөө л амлалтын бодлого саад болно. Зөвхөн ялсан намын амлалт, мөрийн хөтөлбөрөөр монгол улсыг хөгжүүлэхгүй. Сонгуулийн хугацаа 4 жил байдаг боловч бүтэцийн өөрчлөлт, баг бүрдүүлэх нэрийдлээр 1 жилийг нь өнгөрөөнө. Ялсан нам хөгжлийн хөтөлбөр боловсруулаад аймаг орон нутагт хүргүүлэх гэсээр бас нэг жил болно.

Орон нутгийн эрх баригчид нөгөө хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэсээр байтал дахиад л нэг жил болно. Ингээд л бид дараагийн сонгуулийн ажлыг бэлтгэх нэрийдлээр нөгөө хөтөлбөрөө таг мартана. Ийм л янзтай хөгжлийн хөтөлбөр боловсруулж ард түмний амьдралын чанарыг дээшлүүлнэ гэдэг нь үлгэрийн далай. Иймэрхүү гэнэн мөрөөдөл нь намын нөхдийнхөө төлөө үйлчилдэг хувиараа эрхлэх аж ахуй шиг юм болно доо.

Монголын эдийн засаг нь цөөн хэдхэн уул уурхайн бүтээгдэхүүнээс хэт их хамааралтай. Уул уурхайн салбараас орж ирж байгаа орлогыг үйлдвэржүүлэх, эдийн засгийг олон тулгууртай болгох, ажлын байр нэмэгдүүлэхэд зарцуулах учиртай.

Ардын нам Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороог Засгийн газрын үйл ажиллагааны стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх, Үндэсний хөгжлийн цогц бодлого, Мянганы хөгжлийн зорилтууд, урт болон дунд хугацааны стратегийг боловсруулж, хэрэгжилтийг хангах замаар улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлэх зорилготойгоор 2009 оны гуравдугаар сард үүсэн байгуулсан бол Ардчилсан нам Эдийн засгийн хөгжлийн яамыг эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт, дунд, богино хугацааны оновчтой бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх замаар хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлэхэд зорилгоор тус тус байгуулжээ.

Нам бүр эрх барьж буй 4 жилийн хугацаанд урт удаан хөгжлийн бодлогыг тодорхойлохын тулд газар, агентлаг, яам ч байгуулж үзлээ. Гэвч хүн амын амьдралын чанар өөрчлөгдсөнгүй. Бид хөгжлийн маш олон төлөвлөгөө, төсөл, хөтөлбөрүүдтэй боловч эдгээр бодлогын хэрэгжилт, хоорондын уялдаа холбоог сайжруулах, дараагийн шатны баримт бичгийн уламжлал, нэн ялангуяа мэргэшиж туршлага хуримтлуулсан хүний нөөцийн залгамж холбоог бий болгох талаар хангалтгүй ажиллаж байна. Орон нутагт ч гэсэн яг иймэрхүү байдлаар хөгжлийн баримт бичгийг төсөөлж байна.

Орхон аймаг нь хөгжлийн цогц бодлого (2009-2021 он), түүнийг хэрэгжүүлэх учиртай маш олон төсөл хөтөлбөртэй. Гэвч ард иргэдэд үр өгөөжөө өгөх, аймгийн нийгэм, эдийн засгийн асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх, орон нутгийн төсвийн орлогыг бодитойгоор нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн бодлого үгүйлэгдэж байна. Ялангуяа Орхон аймгийг хөгжүүлэх алсын хараа, тэргүүлэх чиглэлийг нарийвчлан тодорхойлоогүйгээс жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бодлого алдагдаж хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй болжээ. Энэ нь орон нутагт эдийн засгийн тогтвортой орчин бүрэлдэх, ядуурлаас ангижрахад саад болж байгаа ба орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүд импортын бүтээгдэхүүнүүд болон Улаанбаатар хотын үйлдвэрүүдтэй өрсөлдөх чадваргүй болж дампуурахад хүрээд байна.

Орхон аймгийн эдийн засгийн бүтэц мөн л уул уурхай, олборлох болон боловсруулах үйлдвэрээс хараат ажээ. Эрдэнэт үйлдвэрийг эс тооцвол Орхон аймаг эдийн засгийн бүтцийн хувьд хэт өрөөсгөл, нөхөн үйлдвэрлэх чадвар дорой, импортод тулгуурласан, хэрэглээний шинж төлөв бүхий бүтэцтэй. Нөгөө талаас хүн амын өсөлт ихсэж аймгийн зах зээлийн багтаамж сууриараа өргөжин тэлж байгаа нь ажилгүйдэл ихсэх шалтгаан болж байгаа билээ. Өөрөөр хэлбэл бодит үйлдвэрийн салбарт ажлын байрыг нэмэгдүүлэхэд хүндрэлтэй байна.

Орхон аймаг нь импортын бараа, худалдаа үйлчилгээ зонхилсон, хуримтлал ба экспортын бааз суурь багатай. Өрхийн нийт мөнгөн орлогод тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь сүүлийн арван жил тасралтгүй өсч байгаагаас үзэхэд нийгмийн халамж үйлчилгээг гол бодлого болгожээ. Мөн нэг хүнд ногдох орлогоор ядуурлыг тооцвол өндөр хувьтай байна.

Ийм учраас Орхон аймагт эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгон хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэн, орон нутгийн төсвийн орлогыг 10-20 хувь нэмэгдүүлэхийн тулд бодит хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй хөгжлийн баримт бичиг боловсруулах шаардлагатай.

Орхон аймгийн Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд хөрөнгө оруулалтын олон эх сурвалжуудыг буй болгон түүнийг ашиглах боломж бий. Юуны өмнө зайлшгүй шаардлагатай бус хөрөнгө оруулалтыг танах, үргүй зардлыг багасгах, нэмэлт хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хайх гэх мэт олон арга замуудыг шийдвэрлэх талаар гадаад, дотоодын эдийн засгийн зөвлөх үйлчилгээний баг бүрдүүлж тэдний оюуны чадавхийг ашиглаж хөгжлийн цогц бодлогыг шинэчлэх, үйлдвэржилтийн дэд хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гаргаж болохгүй юм уу.

Р.БАТ

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж