
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Узбекистан улсын Гадаад хэргийн яам хоорондын ээлжит гуравдугаар зөвлөлдөх уулзалт дэд сайд нарын түвшинд өчигдөр Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт сэргээн идэвхжүүлэх арга замын талаар ярилцав. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны дэд Сайд Б.Болор, Бүгд Найрамдах Узбекистан улсын Гадаад хэргийн дэд сайд Салихбаев Анвар Саидович нар хоёр яамны хамтын ажиллагааны 2011-2012 оны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Узбекистаны Гадаад хэргийн дэд сайд Салихбаев Анвар Саидович тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан Бүгд Найрамдах Узбекистан улсын Ерөнхийлөгч И.Каримовыг Монгол Улсад айлчлахыг урьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгыг гардуулсан юм.
Г.Дарь