З.Энхболд хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2014.02.06-нд нийтлэгдсэн

З.Энхболд хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Грегори Гөүлдхокыг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Грегори Гөүлдхокыг өчигдөр / 2014.02.05 /хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга З.Энхболд Элчин сайдад сар шинийн мэнд дэвшүүлээд, өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлснийг дурдлаа. Мөн Канад Улсын Амбан захирагчийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал үр дүнтэй болсныг тэмдэглэн хэлээд, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол, Канадын засгийн газар хоорондын хэлэлцээр /FIPA/-ийн ажлын хэсгийг хуралдуулж, хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

 Монгол Улс Канад Улстай 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улс 1998 онд Торонто хотноо Ерөнхий консулын газраа нээж, 2001 онд статусаа өргөжүүлж Элчин сайдын яам болгосон билээ. Канад улс нь 1997 онд Өргөмжит Консулаа Монголд томилон, 2008 онд Худалдааны төлөөлөгчийн газраа Улаанбаатарт нээж, улмаар тус онд Элчин сайдын яамаа нээсэн байна.

Ноён Грегори Гөүлдхок Улсын Их Хурлын даргад цаг зав гарган хүлээн авсанд талархалаа илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга уулзалтын төгсгөлд Элчин сайдад ирж буй морин жилдээ эрүүл энх байхыг ерөөж, ажлын өндөр амжилт хүслээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж