
Өрхийн амьжиргааны төвшинг тогтоох судалгааг Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газраас эхлүүлээд байгаа юм байна. Энэхүү судалгааны дараа эмзэг бүлгийн өрхөд хүнсний талон олгох ажлыг эхлүүлэх ажээ. Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур амьдралтай өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх “Хүнсний талон” хөтөлбөр тав дахь жилдээ хэрэгжиж байгаа юм. Гэхдээ дээрх судалгааг гартал гуравдугаар сар хүртэл хүнсний талон олгохгүй гэдгийг Нийгмийн халамж үйлчилгээний газраас мэдэгдээд байгаа. Учир нь өмнө нь өрхийн амьжиргааны талаарх судалгаа байхгүйгээс болоод хорооны Засаг дарга, нийгмийн ажилтнаас гаргаж өгсөн мэдээллийн дагуу хүнсний талон олгодог байсан. Гэтэл энэхүү талон зорилтот төвшнийхөнд хүрдэггүй дундаж болон дээгүүр орлогтой өрх хамрагдаж байсан нь тогтоогдсон аж. Тиймээс энэ оны хоёрдугаар улирлаас дээрх судалгааг үндэслэн, орлогыг орлуулан тооцох аргачлалын дагуу босго оноо тогтоож хүнсний талон олгохоор болжээ. Улсын хэмжээнд 2014 онд нийт 65 мянган иргэнд хүнсний талон олгохоор болсон байна. Хүнсний талон олгохдоо эмзэг бүлгийн насанд хүрэгчдэд сард 10 мянга, хүүхдэд таван мянган төгрөгийн эрхийн бичиг олгодог ажээ. Энэхүү талоноор архи, тамхинаас бусад хүнсний болон ахуйн хэрэглээний бараа худалдан авах боломжтой аж.
О.САР