Шинэ дэвсгэрт хэний бизнес вэ?

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Шинэ дэвсгэрт хэний бизнес вэ?

Сар шинээр монголчууд аав ээж, ахмад настнууддаа хадаг бус мөнгө барьдаг уламжлалтай болчихоод байгаа. Жилдээ ганц удаа болдог үндэснийхээ их баяр наадмаар хөгшдийнхөө гарыг цайлгахад болохгүй юм үгүй. Тиймээс шинэ мөнгөн дэвсгэртийн эрэлт хэрэгцээн дээр дөрөөлсөн хөөрхөн бизнес сар шинийн өмнөхөн эрчимжив. Ялангуяа нэгдүгээр сарын 30-ны өдөр буюу билгийн тооллоор битүүний өдөр шинэ мөнгөн тэмдэгтийн эрэл, сурал хаа сайгүй өрнөлөө.

Ажлынхаа хажуугийн хоёр, гурван банкаар ортол шинэ мөнгөн дэсвгэртүүд нь аль хэзээний дууссан гэнэ. Ялангуяа таван мянгатын шинэ дэвсгэртийн олдоц багассан гэдгийг банкны теллерүүд ч батлав.

Харин хамгийн гайхмаар нь арилжааны банкуудад нүдний гэм байсан нөгөөх таван мянгатын мөнгөн дэвсгэртүүд “Найман шарга”-ын ченжүүдийн гарт багсайтлаа байж байх нь тэр. Нэг таван мянгатын дэвсгэрт сольж өгсний үйлчилгээ нь 500 төгрөг. Хорин ширхгээс 10 мянга, 100 ширхгээс 50 мянган төгрөгийн унацтай, хөөрхөн бизнес байгаа биз. Нэг хүн дор хаяж 10-20 ширхгийг солиулна гэвэл “Найман шарга”-ын ченжүүд битүүний өдөр хэтэвчээ чамгүй зузаалсан байх. Уг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аль ч арилжааны банкнаас шинэ мөнгөн дэвсгэртийг хүссэн хэмжээгээрээ солиулж авах боломжтой гэдгийг, мөн хөдөө, орон нутагт ч шинэ мөнгөн дэвсгэртийг хангалттай хэмжээгээр гүйлгээнд гаргасан хэмээн сар шинийн өмнөхөн албаны хүмүүс хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай ярьсан. Олон ч хүн итгэсэн байх, итгэсэндээ цөөхөн ч гэсэн төгрөгөөр шатсан байх. Харамсалтай нь, шинэ мөнгөн дэвсгэрт арилжааны банкуудад хангалттай гээд байсан шинэ дэвсгэртүүд нь битүүний өдөр аль банкны салбар дээр хомсдолтой “бараа” болж хувирсан шүү дээ.

Хүмүүсийн эрэлт хэрэгцээг ашиг болгон харсан “Найман шарга”-ын ченжүүдийн буруу гэж юу байх билээ. Харин ч хуучныг шинээр нь үнэ, хөлсөөр ч болтугай солиод өгч байгаа нь их юм шүү дээ. Тийм болохоор тэднийг буруутгах гэсэнгүй. Хамгийн гол нь Монголын энэ олон арилжааны банкны үйлчилгээ “Найман шарга”-ын ченжүүдээс долоон дор байна гэдэг харамсалтай бус уу. Аль эсвэл арилжааны банкуудын хэн нэгэн ажилтан  “Найман шарга”-ын ченжүүдтэй хуйвалдаад шинэ дэвсгэртийг мөнгө олох арга хэрэгслээ болгосон байхыг хэн мэдлээ. Учир нь, захын Балдан, Гомбо хоёрын гарт хомсдол болчихсон шинэ дэвсгэртүүд өөрсдөө гүйгээд ороод ирэхгүй нь мэдээж.

Нэг хүн шинэ мөнгөн дэвсгэрт их хэмжээгээр олгохгүй гэж арилжааны банкны теллерууд хэлсэн мөртлөө яагаад тэгвэл “Найман шарга”-ын ченжүүдийн гарт боодол, боодлоороо байж таарах вэ. Энэ ямар нэгэн учир шалтгаантай байж таараа.

Сар шинийн өдрүүдэд ховордсон бараа болсон шинэ дэвсгэртүүд олон арван салбар ажиллуулдаг арилжааны банкинд байхгүй хэрнээ захын нэг ченжийн гарт багсайтлаа байж байна гэдэг зүгээр ч нэг тохиолдол биш болов уу. Ченжүүдэд арилжааны банкны хэн нэгэн ажилтан тусалсан байх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, шинэ дэвсгэртийн бизнесийн ард аль нэгэн арилжааны банкны нөхөр байгаа гэдэг нь тодорхой байгаа юм. Учир нь, бүх банк битүүний өдөр шинэ дэвсгэртгүй болчихдог, гэтэл тэр нь “Найман шарга”-д элбэгшдэг нь хачирхалтай явдал биш гэж үү. Арилжааны банкныхантай холбоотой элдвийн яриа гадуур цуурдаг. Ам.долларын ханшийн зохиомол өсөлтөд арилжааны банкныхан болоод Монголын улстөрчид холбоотой гэдэг хардлага олон нийтэд байдаг.  Эндээс харахад эл хардлагыг ч бас оргүй ч зүйл биш гэж үгүйсгэхэд хэцүү. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг шүү дээ. 

Үнэндээ бол хуучин мөнгөн дэвсгэртээ шинээр солиулахын тулд нэг бүрт нь 500 төгрөг төлнө гэдэг шударга бус үйлчилгээ. Хэрэглэгчдийг шулсан, хэрэглэгчдийн эрхэнд халдсан бүдүүлэг үйлчилгээ гэхэд ч буруудахгүй. Гэхдээ арилжааны банкуудад олдохоо больсон мөнгөн дэвсгэртүүд ямар замаар “Найман шарга”-ын ченжүүдийн гарт орсныг холбогдох газрууд шалгаад үзэхэд гэмгүй болов уу.

 Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж