Дал, наяад оныхны амьдралын тухай “Х түц” хамтлагийн хошин шогийн үзүүлбэр… Ирээдүйн тухай ярилцана. “Хүүш ээ, савласан усыг худалдаж авдаг болно гэж зөгнөсөн гэнэ шүү. Ямар инээдтэй юм бэ, хэн крантнаас гарч байгаа усыг худалдаж авах вэ дээ” хэмээн хөгжилдөнө. Гэтэл өнөөдөр савласан цэвэр усны бизнесийг гайхаж, шоолохооргүй болтлоо энгийн хэрэглээнд нэвтэрчээ. Энэ бол ус гэдэг нь үнэлэх ёстой зүйл гэдгийг ойлгосныг харуулж байв. Яг ингэж ойлгосон шигээ “саарал ус” буюу дахин боловсруулсан усыг ашиглах шаардлага нэгэнт бий болчихож. Гүний буюу ундны цэвэр усаар машинаа угааж, жорлонд урсгаж байгаа нь өөрөө маш үрэлгэн тогтолцоо. Гэвч үүнийг ойлгохгүй, усыг дахин боловсруулж ашиглана гэдгийг өнөөдөр шоолж ярих хүмүүс олон гарах байх.
Манайх олон улсын ангиллаар усны багавтар нөөцтэй орнуудын тоонд ордог бөгөөд хэрэглээ нь энэ хэвээр байвал нэг их удахгүй усны хомсдолд орж таарна. Үүнтэй тэмцэхдээ зөвхөн усны хэрэглээний үнэ нэмэх аргаар биш ус дахин ашиглах технологийг л түргэхэн нэвтрүүлчихмээр. Энэ чиглэлд төр юу хийснийг сонирхвол “Саарал ус ашигласан үйлдвэрүүдэд 70-80 хувийн хөнгөлөлт үзүүлэх, Уул уурхайн компани, шатахуун түгээх газрууд, аялал жуулчлалын баазууд заавал чанарын шаардлага хангасан, өөрийгөө цэвэршүүлэх, ариутгах татуургатай байна гэдгийг хуульд тусгасан” зэрэг бодлого боловсруулж, хэрэгжүүлж буй аж. Үүнийг нь ажил хэрэг болгосон Ухаа худагийн Дулааны цахилгаан станц хөргүүртээ дахин цэвэршүүлсэн ус ашиглаж байгаа, уурхайн замаа чийгшүүлэх, орчны тоос шороог дарж буй жишээ ч бий гэнэ.
Гэвч бодлого боловсруулагдан хэрэгжих хурд, хэрэглээ нь усны нөөц багассаар буй хурдыг гүйцэхгүй л байна. Угтаа бол ядаж машин угаалгын газар бүрт саарал ус ашиглахыг хуульчлаад, технологийг нь шийдчихмээр санагдлаа.
Өнгөрөгч цагаан сарын баярын өдрийн өмнө машин угаалгын газрууд хамгийн их ачаалалтай байв. Шөнийн 03:00 цаг гэхэд машинаа угааж дуусаагүй жолооч нар хүлээсээр байсан бөгөөд зөвхөн энэ ганц өдөрт л хотын хэмжээнд хэдэн мянган шоо метр усаар нийслэлчүүд машинаа угаасан тооцоо гаргавал тун сонирхолтой байх.
Угаалгын газруудын ихэнх нь төвийн шугам сүлжээнээс усаа татдаг бөгөөд дахин боловсруулсан ус ашигладаг нь одоогоор байхгүй гэнэ шүү. Бид “хар ус харамлалаа” гэж ярьж, сэтгэдэг. Тэгвэл үнэхээр хар усаа харамламаар байна. Харин оронд нь саарал усыг ашигламаар байна. Шинээр ашиглалтад оруулах гэж буй орон сууцанд саарал усны хоолой заавал суурилуулсан байх стандарт тогтоох, дахин боловсруулсан усыг ашиглах энгийн технологи бий болгочихвол ч.