Гуравдагч хөрш рүү довтолгоё

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Гуравдагч хөрш рүү довтолгоё

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн өвөл бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр “Ирэх хавар их зүтгүү орох шинжтэй, эдийн засаг сэргэхэд багагүй хугацаа шаардах төлөвтэй байна шүү” хэмээн хэлсэн удаатай. Энэ үг ортой бололтой. Сар шинийн өмнөхөн валютын ханш бага зэрэг буурах төлөвийг үзүүлсэн ч буцаад өсөв, тогтворжтол өдий аж. Үйлдвэрлэл гэх юмгүй, дэд бүтэц хөгжөөгүй орны хамгийн том зовлон энэ болохыг эдийн засагчид сануулж байна.

Хэдийгээр дэлхийн зах зээлд нүүрс, төмөр зэрэг эрдэс баялгийн үнэ өссөн тухай таатай мэдээ дуулдах ч төсвийн орлогод төдийлөн жин дарахгүй нь бололтой. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд түлхэц үзүүлж ирсэн бүтээгдэхүүн нь гагцхүү нүүрс аж. Харамсалтай нь, 2013 онд 23-24 сая тонн нүүрс экспортлох зорилго тавьсан ч түүндээ хүрээгүйгээр барахгүй, зарим хэсэг борлогдохгүй хилийн гадна одоо ч “хог” болон хэвтэж буй аж. Худалдлаа гэхэд нэг тонн нүүрс 35 ам.доллараас дээш гардаггүй. Өөрөөр хэлбэл, олборлож байгаа зардлаа ч дийлэхгүй үнээр нүүрсээ худалдсан гэсэн үг юм. Ийм алдагдалтай наймааг Монгол Улс хийгээд байвал компаниар жишвэл дампуурна. Гэтэл Монгол Улсын 2014 оны төсөвт тусгаснаар нүүрснээс 600 орчим тэрбум төгрөг төвлөрүүлэх үүргийг Засгийн газар хүлээчихсэн. Үүнд хүрэхийн тулд 30 сая тонн нүүрс экспортолно гэх тооцоог Уул уурхайн яам мөн гаргажээ. Харамсалтай нь, тэр хэмжээний нүүрсийг Хятад улсад зарна гэх баталгааг хаа, хаанаа өгч чадахгүй сууна.

Уг нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн оны намар БНХАУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг хөндөөд амжсан ч төмөр зам гэх дөнгөнөөс болоод явахгүй нь бололтой. Учир нь, авто замаар нүүрсээ тээвэрлэн экспортод гаргах оролдлого хийдэг цорын ганц орон Монгол болж үлджээ. Буурай орны зовлон одоо яая гэх вэ, хөрөнгө мөнгөгүйгээс болж төмөр замаа шийдэж чадаагүй хойно хэмээн өмөөрч болох ч эдийн засаг өсөлттэй, боломжтой үедээ төмөр замаа шийдэж чадаагүй нь одоо алдаа болж хувирч байна. Хэрвээ Шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газрын адил цаг алдсаар суувал дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өслөө ч Монголын нүүрс дагаж үнэд хүрэхгүй нь. Дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч болсон Хятад улс руу ОХУ экспорт хийж байна. Өөрөөр хэлбэл, Монгол нүүрсний зах зээлээ төмөр замгүйгээс болж хойд хөршид алдчихаад байна гэж тайлбарлаж болно. Хэдэн жилийн өмнө адилхан л дэд бүтэц сул байсан хойд хөрш Сибирь, Якут орчимд нүүрсний том ордууд илрэнгүүт төмөр замаа барьж ашиглалтад оруулжээ. Харин манай тал энэ хооронд өргөн, нарийн цариг гэж хэрэлдэж суусаар төмөр замаа өлхөн барьчих дөрвөн жилийг алдчихсан суух.

Магадгүй зарим нэг нь нүүрсний экспорт буурсан шалтгааныг Н.Алтанхуягийн танхимтай холбож мэдэх юм. Хятадын “Чалько” компанитай байгуулсан “Эрдэнэс тавантолгой” компанийн хэлэлцээрт Ерөнхий сайд хошуу нэмэрлэж, уурыг нь хүргэсэн тал бий. Гэхдээ нөхцөл байдлыг авч үзвэл 2010, 2011 онд нүүрсний экспорт оргилд үедээ хүрч үнэ хүрсэн цаад шалтгаан нь Хятадад нүүрсээ экспортолдог орнууд төмөр замаа барьж чадаагүй байсантай холбоотой болохыг нүүрсний салбарынхан сануулж байна. Харин цаашид нүүрсээ үнэд хүргэхийн тулд Монгол Улс яах ёстой вэ, давын өмнө төмөр замаа шийдэх ёстой аж. Дэд бүтцээ шийдэж чадсан нөхцөлд Монголын нүүрсний зах зээл зөвхөн Хятад улсаар хязгаарлагдахгүй Япон, Солонгос, Өмнөд Ази руу нүүрсээ нийлүүлэх гарц нээгдэнэ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Япон улсад хийх айлчлалын үеэр тус улсын зүгээс эрчим хүчний хэрэглээгээ хангахад Монголоос нүүрс экспортлох бүрэн боломжтой хэмээн мэдэгдсэн. Тодруулж хэлбэл, төмөр замаа шийдсэн нөхцөлд гуравдагч хөрш рүү довтолгох боломж байна гэсэн үг.

Үүний тулд Шинэчлэлийн Засгийн газар зээл аваад ч болов төмөр замын асуудлаа яагаад шийдэж болохгүй гэж… Дээр нь Япон улсын хувьд “Монголд баялаг нь байна, харин манайд шилдэг технологи нь байна” гэж байр сууриа илэрхийлсэн удаатай. Аж үйлдвэрийн томоохон цогцолборуудаа барихад Японы технологи ашиглаад уул уурхайн бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгож нэмүү өртөг шингэдэг болчихвол Монгол Улс импортоос экспорт руу шилжих боломж бүрдэнэ. Зорилгодоо хүрэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар цөөнхийн эсэргүүцэлтэй тулах юу ч биш. Хараавал ч харааг, зүхвэл ч зүхэг, аль ч улсад Засгийн газар нь сайн нэртэй байдаггүй. Гол нь зорилготой байж юм бүтээх нь чухал. Бүтээчихсэн цагт Засгийн газар муу нэр дуулах юу ч биш шүү дээ.

Цаг алдалгүй гуравдагч хөрш рүү довтолгоё, “Самурай” бондыг төмөр зам, үйлдвэржилтийг дэмжихэд зарцуулъя. Хэдий болтол өрнөөс айж суух юм бэ?.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж