Малчид үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Малчид үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтой юу?

Малчид тал хээр газар малаа туугаад л, хааяа хотоор ирж, түүхий эдээ зарна, ойр зуурын хэрэглээгээ базаана. Ийм цаг ард үлдэх болж байна гэх юм. Мал аж ахуй чухам цаг агаарын байдлаас шууд хамаарч, малчид сар бүрийн тогтмол орлогогүй учраас банкны төрөл бүрийн зээлд хамрагдахад хэцүү, дундаж хэмжээний малчин үл хөдлөх хөрөнгөтэй болоход тун бэрх. Тэгвэл өнгөрсөн жилийн зургадугаар сараас нэвтэрч эхэлсэн орон сууцны ипотекийн зээлд малчид хамрагдах боломжтойг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны албаныхан тайлангийн хурлын үеэрээ дуулгасан. Ипотекийн зээл авахад 30 хувийн урьдчилгаа хөрөнгөөс гадна хамгийн гол нь сар бүр орлогоосоо 45 хувийг тогтмол төлөх ёстой. Гэтэл малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчид сар бүрийн орлогоосоо бараг тал хувиа төлөх боломж хэр байдаг билээ гэж сэтгэхэд санаанд төдийлөн буухгүй. Нөгөө талдаа тогтмол орлогогүй гээд иргэдийн гар дээр “эргэлдэж” байгаа мөнгөн урсгалыг зүгээр өнгөрөөмөөргүй байдаг. Тиймээс албаныхан эдгээр нөхцөл байдлыг тооцож үзээд, малчид үл хөдлөх хөрөнгөтэй болох боломжтойг ийнхүү хэлж байгаа юм. Хөдөө, мал аж ахуйн салбар нь улсын эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө уул уурхайн дараа тооцогдоно. Онцлог нь сайн хөгжүүлээд авахад байгалийн баялаг шиг шавхагдана, дэлхийн зах зээлийн үнэд дарлуулна гэдэг гайд өртөхгүй, тогтвортой үйлдвэрлэлийг бий болгодог.

Тоо дурдъя. Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар 289 мянган малтай өрх байгаа талаарх судалгаа гарчээ. Мянгат малчны жилийн орлого 40-60 сая төгрөг болохыг салбарыхан хэлсэн. Ингэж тооцохоор 200-300 мянган малтай дундаж малчин жилд 4-5 сая төгрөгийн орлоготой бол сардаа дунджаар 500 орчим мянган төгрөг олдог байх нь. Хэтдээ малчны жилийн орлогыг долоон саяд хүргэхэд анхаарна гэсэн. Дэлхийн шилдэг эдийн засагч Эрнандо дэ Сото Монгол Улсад ирээд буцахдаа үнэ цэнэтэй зөвөлгөөг өгсөн гэдэг нь өмч, хөрөнгийн бүртгэлийг сайжруулах тухай байлаа. Тэрээр өмч, хөрөнгийн бүртгэлийн судалгааг хийгээд амжсан гэнэ. Ингэхдээ 800 орчим хүнийг хамруулж, Монгол Улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтаас хоёр дахин их буюу 7.5 тэрбум долларын хөрөнгө улсын бүртгэлгүйгээр монголчуудын гарт байгаа судалгааг гаргажээ. Энэ юуг өгүүлж байна вэ гэхээр, иргэдийн гар дээрх хөрөнгийг зөв үнэлж, бүтгэлжүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадвал зээлийн хүү буурах, банкны бүтээгдэхүүний төрөл зүйл нэмэгдэх, үйл ажиллагааг эрчимтэй болгох, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эргэлтийн хөрөнгөө төвөггүй бүрдүүлэх олон талын боломж бийг харуулж байна. Тэгэхээр энэ их эргэлдэж буй сул хөрөнгөд малчдын орлого багтаж байгаа юм. Малчид түүхий эдээ тогтмол бүрдүүлж, худалдан авах саналын дагуу нийлүүлж, хамтарч ажиллаж чадвал дээр хэлсэн ипотекийн зээлд хамрагдах боломж ирэх жилээс нээгдэх юм гэнэ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилээс ажиллаж эхэлсэн Хөдөө аж ахуйн биржээр түүхий эдээ худалдаж, орлогоо тодорхойлуулж, нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн бол малчны орлого баталгаажих боломжтой ажээ.  Орлого тодорхой, нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухайд нь төлсөн бол ипотекийн зээл хэн бүхэнд нээлттэй. Мал аж ахуй цаг агаарын байдлаас хамааралтай байж, байгаа хэдэн малаа зуданд өгчихвөл юугаараа биржийн арилжаанд орж, түүхий эд нийлүүлэх, байр авах билээ гэх асуудал гарч ирнэ. Тиймээс энэ асуудлыг цаашдаа улам нягталж, болзошгүй эрсдлийг тооцоолох юм байна. Ямартай ч монгол хүн ажил хийж байхад учир нь олдох биз ээ. Малчид үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж бий гэх таатай мэдээллийг ийн дууллаа.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж