Зочид загварын “журам”-ыг хатуу мөрдөхгүйн дээр загварын шүүмжлэгчдийн бай болох нь түгээмэл. Харин өчигдөр болж өнгөрсөн 56 дахь удаагийн “Грэмми” наадмын үеэр Тейлор Свифт, Кэти Перри, Сиара, Мадонна болон Анна Фарис нар загварын шинжээчид болон үзэгчдийн харцыг булаажээ.
Өнгөрсөн ёслолын ажиллагааны гол чиг хандлага нь гялалзсан металл өнгө байсан гэхэд болно. Үдшийн зочдын ихэнх нь гялалзсан утсаар хийсэн даашинзаар гоёжээ. Тэр дундаас Тейлор Свифт онцгойрч байлаа. Дуучин бүсгүй алтлаг утсаар урласан “Gucci Premiere”-ийн даашинзаар гоёсон байв. Даашинзны дээд хэсэг нь хагас тунгалаг талстуудаар хийгдсэн бол бүсэлхий хэсэг нь мөнгөлөг оруулгатай. Тейлор энэхүү гоёлтойгоо ижилсүүлэн том очир эрдэнийн ээмэг зүүж, том бөгжөөр гоёжээ.
Хэдхэн өдрийн өмнө Парис дахь Загварын долоо хоногт олны хүртээл болсон “Валентино” коллекцийн даашинзыг алдартнуудаас хамгийн түрүүнд өмсөх боломжийг Кэти Перри алдсангүй.Дуучин бүсгүй дээд хэсэг нь гэрэлтдэг торон, харин хормой хэсэг нь Жузеппе Вердгийн дуурийн нотуудаар чимэглэсэн даашинзаар энэ үдэшд өнгө нэмсэн юм.
Саяхан хөл хүнд гэдгэ нийтэд зарласан, энэ үдшийн хараа булаасан зочдын нэг болсон Сиара улаан хивсний ёслол дээр боронзон хатгамал хээ бүхий Emilio Pucci даашинзтай иржээ. Даашинз нь нарийн хээ угалзтай тул дуучин бүсгүй хэт гоёмсог чимэглэл, акссеруаараас татгалзсан гэнэ лээ.
Зохимжгүй хувцасласан оддын жагсаалтанд байсхийгээд л багтчихдаг Мадонна энэ удаад илүү дутуу зохимжгүй гоёлоос татгалзснаараа энэ удаад үнэхээр зөв сонголт хийжээ. Поп од “Ralph Lauren”-ы хаврын коллекцод багтсан өмдтэй хослолтойгоор улаан хивснээ залрав. Хар өнгийн смокинг, өргөн өмдөн дээрээ хослуулан бүрх малгай духдуулж, таяг барьсан тэрбээр очир эрдэнэстэй бээлийгээ гол чимэглэл болгон сонгожээ.
“Fitriani”-гийн эрхэмсэг даашинз сонгосон Анна Фарис энэ үдэш мөн л загварын шүүмжлэгчдийн харцыг булааж чадлаа. Гүн хөх өнгийн, мөр ил гаргасан энэхүү даашинз Аннагийн өөгүй цайвар арьсанд нэн тохирсон гэлтэй. Тааз хэсгээрээ нарийн ухлаадас гаргасан энэ даашинзыг өвөрмөц, дэгжин харагдуулахын дээр “Sutra”-ийн том ээмэг зүүсэн нь Анна Фарисын энэ үдшийн гоёлыг төгс болголоо гэж шүүмжлэгчид үзжээ.
Эх сурвалж: WWW.IKON.MN