Найман аймгийн дулааны асуудлыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2014.02.04-нд нийтлэгдсэн

Найман аймгийн дулааны асуудлыг шийднэ

Засгийн газрын “бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эрчим хүчний сайд  М.Сономпил яам, харьяа агентлагийн  удирдлагуудтайгаа оролцож 2014 онд ашиглалтад орох бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар мэдээлэл өгсөн юм. Эрчим хүчний яам өнгөрсөн оныг “Эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жил” болгон ажилласан байна. Харин энэ жилийг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан гэдгийг хурлын эхэнд онцолсон юм. Бүтээн байгуулалтын жилийн хүрээнд эрчим хүчний салбарт цахилгаан  173 мегавайтын эх үүсвэр шинээр баригдах юм байна. Бүтээн байгуулалтыг хийхдээ Улсын төсөв, Хөгжлийн банк, Олон улсын зээл тусламжаар сүүлийн 30 жилд хийгээгүй ажлыг хийх юм байна. Ингэхдээ улсын төсвөөс 147.7 тэрбум төгрөг, Чингис бондоос 50 сая ам.доллар, Хөгжлийн банкнаас  180 сая ам.доллар, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 93 тэрбум төгрөгийн ажлыг тус тус хийхээр төлөвлөсөн байна. Мөн дулааны чиглэлээр  гэхэд Амгалан дулааны станцын 300 Гкал/цагийн эх үүсвэр, Дулааны III цахилгаан станцын 100 Гкал/цагийн эх үүсвэр, Дулааны IV дүгээр станцын 188 Гкал/цагийн эх үүсвэр ашиглалтад оруулж, 2014 онд нийт 588 Гкал/цагийн эх үүсгэвэр ашиглалтад оруулахаар ажиллаж байна” хэмээн Эрчим хүчний сайд М.Сономпил танилцуулсан юм.

Тавантолгойн болон тавдугаар цахилгаан станцийн ажил гэрээ хэлэлцээрийн шатандаа явж байгаа аж. Тодруулбал, Тавантолгойн банкны шаардлага хангах техникийн нөхцөлийг хоёрдугаар сард эцэслэн боловсруулж дуусгахаар ажиллаж байгаа бол хөрөнгө оруулагчдаас ирэх дөрөвдүгээр сард санал авах байна. Бүтээн байгуулалтын ажлыг аравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Харин тавдугаар цахилгаан станцийн хувьд  одоогоор судалгааны ажлууд хийгдэж байгаа гэнэ. Судалганы ажлуудыг ирэх дөрөвдүгээр сард дуусгавар болгох бөгөөд зургаадугаар сараас бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх юм байна.

Энэ жил бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах, эрчим хүчний системийн горим ажиллагааг тогтворжуулах үүднээс Чойбалсан дулааны цахилгаан станцын өргөтгөл, Эгийн голын 220 мегавайтын хүчин чадал бүхий усан цахилгаан станцуудыг барих бэлтгэл ажил, Тэлмэний 100 мегавайт хүчин чадалтай цахилгаан станц, Туул-Сонгино цогцолборын усан цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх юм байна. Мөн Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Төв, Завхан, Говь-Алтай гэсэн найман аймгийн дулааны станц, шугам шүлжээний шинэчлэлийн ажилд 24 тэрбум төгрөг төлөвлөж нэг аймагт гурван тэрбум төгрөгөөр төслийг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Харин Улаанбаатар хотын дулаан хангамжийн сайжруулах үүднээс дулааны дөрөвдүгээр цахилгаан станцыг 100 МВт-ын өргөтгөлийг хийх юм байна. Ингэснээр нийт 40 мянган айл өрх, 500 орон сууц шинээр дулаанд холбогдох боломжтой болох аж. Нийслэл хотын цахилгаан хангамжийг сайжруулахаар “Их тойрог сүлжээ” төслийг хэрэгжүүлснээр 2030 он хүртэл хэрэглэгчдийг найдвартай, чанартай эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэдгийг салбарын сайд онцолсон. Нийслэлд хөдөө орон нутгаас жилдээ 12 мянган айл өрх нүүж ирдэг гэсэн тоон судалгаа гаргасан байна. Эдгээр айл өрхийг цахилгаанаар хангахын тулд улсын төсвөөс жилдээ наймаас арван тэрбум төгрөг төсөвлөдөг байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотод цахилгаанд холбогдоогүй зургаан мянга гаруй өрх байдаг аж.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж