
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монголын иргэн бүр хаана оршин сууж, амьдрах нь өөрсдийнх нь эрх. Энэ эрхийг төр нь хүндэтгэн дээдлэх ёстой. Ийм байтал хууль тогтоох дээд байгууллагын дарга нь иргэнээ Улаанбаатар хотоос хөөж гаргах тухай ярих нь хэр зохистой үйлдэл юм бол. Утаа нийслэлийн хэмжээнд гамшиг тарьж байгааг хүн бүр хүлээн зөвшөөрөх хэдий ч утаа бага гаргадаг зуухыг зарсныхаа төлөө амьдрах эрхээ хасуулан газар нутаг заагдан явах нь ардчилсан нийгэмд байх үзэгдэл мөн үү.
Мэдээж утаагүй зуухыг хэрэглэнэ гэж аваад зарсан өрхүүдийг өмөөрөх гэсэнгүй. Гэхдээ утаагүй зуух хэрэглэдэг болсоноор Улаанбаатар хотын утаа буурсан уу гэдгийг дүгнэх цаг болсон мэт.
Нийслэлийн хэмжээнд гэр хороололд 185 мянган өрх амьдардаг гэх статистик мэдээлэл бий. Тэдгээрээс 140 мянга орчим өрх нь утаагүй зуухаар хангагдсан. Харин энэ онд үлдэж буй 45 мянган өрхийг утаа бага гаргадаг зуухаар хангаснаар гэр хорооллын өрхүүд 100 хувь уг зуухаар хангагдах тооцоог холбогдох албаныхан өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан удаатай. Өөрөөр хэлбэл, нийт гэр хорооллын дөрөвний гурав нь утаа бага гаргадаг зуухаар хангагдсан байтал яагаад утаа өмнөх жилүүдийнхээс буурсангүй вэ гэх асуулт тавигдаж таарна биз. Тиймээс утаатай тэмцье гэж байгаа бол эхлээд утаагүй зуух ашигласнаар нийслэлийн утаа буурсан уу гэдгийг эхлээд үнэн зөв дүгнэсэн дүнг холбогдох газрууд нь гаргаж мэдээллээ ил тод болгоё. Мөн утаагүй түлш үйлдвэрлэх амлалт аваад төрөөс 10 гаруй тэрбум төгрөг авсан компани өнөөдөр юу хийв, ямар ажил дээрээ саатаад байна вэ. Хэзээ тэрхүү хагас коксжсон түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх бололцоотой юм гэдэгт УИХ, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоороо дамжуулаад анхаарал тавьж яагаад болохгүй гэж…
Захын муу хар овоохой гэгчээр юм болгонд төр нь ядарсан иргэдээ буруутгаж хүчийг үзүүлэн хөөх туух яриа үүсгэх нь утаатай тэмцэх үр дүнтэй ажил болж чадах уу. Тэр тусмаа албан тушаалтнууд утаатай тэмцэх чиглэлээр зарцуулах хөрөнгөнөөс тэрбум, тэрбумаар нь “идэж” хувьдаа ашиглачихсан байхад зуух зарсан иргэн нь нутаг заагдана гэхээр тэгш бус мэт.
Нөгөөтэйгүүр, УИХ-ын даргын тодотгосноор утаа гаргадаггүй зуухыг зарим өрх үхэр болгоод идэш хийж идэж… Нэг зуух үхэрт хүрсэн гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Идэшний үхэр дор хаяж 600 мянган төгрөгт хүрсэн. Харин утаа бага гаргадаг зуух 33000-45000 төгрөгийн хооронд зарагдсан. Дамлаад зарлаа гэхэд нэг зуух нь хоёр дахин нугарлаа гэхэд 90 мянган төгрөгөөс хол давахгүй. Нэг үгээр хэлбэл, бөөндөж аваад хэд, хэдэн зуухыг зарж байж л идэшний үхэр болгодоггүй юм бол дангаараа нэг зуух үхэр авч идэх хэмжээнд хүрэхгүй. Тэгэхээр зуух бөөндөж авах бололцоог олгосон хүмүүс гарч ирнэ. Уг нь дээд дарга нарын ярихаар бол бүртгэл тооцоог нарийн хөтлөн утаагүй зуухыг өрхүүдэд олгодог.
Ийм замаар олгогдож байгаа зуух хэдэн арваараа захын нэг иргэнийд бөөнөөрөө очино гэж байх уу, УИХ-ын дарга аа.
Хариуцлага ярих гэж байгаа бол утаатай тэмцэх чиглэлийн хүрээнд ажлаа хийгээгүй албан тушаалтнуудад эхлээд хариуцлага тооцох тухай хөндвөл энэ төр хариуцлагатай болно. Түүнээс зуухаа дамлан зарсан чамайг Улаанбаатар хотоос албадан явуулнаа гээд нутаг заагаад эхэлбэл ядарсан иргэдийн амьжиргаа тэр хэрээр доройтно. Нутаг заагдаж очсон иргэнд тухайн газар нь ажил олдох уу, үр хүүхэд нь “Зуух дамлаж зарсан айлын хүүхэд” гэж чичлүүлж ч мэднэ. Магадгүй тухайн өрх зуухаа зарахдаа тулсан бол амьдрал нь сайнгүй байсан ч юм билүү, хэн мэдлээ. Зуухаа зарсан өрхүүд ашиг олохын тулд ийм үйлдэл хийв үү, эсвэл амьдрахын тулд энэндээ тулав уу гэдгийг ч нягтлах ёстой болов уу. Зуухаа зарсан айлыг хөөнө гэхээр л арай л биш сонсогдоно.