Элчин сайд Ш.Одонбаатар итгэмжлэх жуух бичгээ барив

Хуучирсан мэдээ: 2014.02.04-нд нийтлэгдсэн

Элчин сайд Ш.Одонбаатар итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар 2014 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Мальт Улсын Ерөнхийлөгч Жорж Абела-д бараалхаж, итгэмжлэх жуух бичгээ барилаа.

Бүгд Найрамдах Мальт Улсын Ерөнхийлөгч Жорж Абела Элчин сайд Ш. Одонбаатарыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Жорж Абелад уламжилсны дараа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцав. Тэрээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд, Европын холбоо болон түүний гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, гуравдагч хөршийн бодлого зэрэг асуудлуудаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч энэ жил Монгол Улс Бүгд Найрамдах Мальт Улстай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгааг дурдав.

Монгол-Мальтын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгаа болохыг Элчин сайд тэмдэглээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л зүйлийг хийнэ гэдгээ илэрхийлэв.

Элчин сайд Ш.Одонбаатар мөн Бүгд Найрамдах Мальт Улсын Парламентын дарга Анжело Фарружа, Гадаад хэргийн сайд Жорж Велла, Гадаад хэргийн яамны Байнгын нарийн бичгийн дарга Жозеф Коул, Ёслол болон консулын асуудал хариуцсан захирал Жоанна Пизани нартай уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх, Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол болон Мальтын Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулах, мөн улс төрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж байх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хэлэлцээр байгуулах зэрэг асуудлаар тодорхой санал дэвшүүлэв.

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж