Олон улсын хурал маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Олон улсын хурал маргааш эхэлнэ

Монголын мянганы сорилтын сан /ММСС/ Эрүүл мэндийн яамтай хамтран “Халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэлт ба хяналт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг маргаашнас эхлэн зохион байгуулах гэж байна. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, АНУ-ын Эдчин сайд Жонатан Эдлтон, ММСС-ийн гүйцэтгэх захирал С.Баярбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.   
   
Энэ сарын 15-16-ны өдрүүдэд “Чингис хаан” зочид буудалд болох тус хуралд Монгол, АНУ, Финлянд, Тайланд, Австрали, Герман, Япон, Канад зэрэг 16 орны эрдэмтэн судлаачид нийт 250 гаруй төлөөлөгч оролцох юм. Энэхүү хурал нь Монголд төдийгүй азид энэ чиглэлээр хийгдэж байгаа анхны олон улсын эрдэм шинжилгээний хурал гэдгээрээ онцлог аж. Хурлын хүрээнд эрүүл зохистой хоолны газрууд, эрүүл хүнс үйлдвэрлэгч, хорт зуршлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага гэх мэт 20 гаруй байгууллага  үзэсгэлэн гаргах гэнэ. Мөн “Халдварт бус өвчин, зүрх судасны өвчин, хоёрдогч чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх тухай”, “Монгол дахь Халдварт бус өвчний талаарх судалгаа”, “Осол гэмтлийн тухай тоо баримт” зэрэг олон сэдвээр илтгэл тавьж, санал бодлоо солилцох юм. Тус хурал нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2008 оны дөрөвдүгээр сард болсон 68 дугаар хурлаар  баталсан “Халдварт бус өвчнөөс сэргийлэх хянах” глобал стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа аж.

Ч.Батмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж