
Өмнөд Африкийн анхны хар арьст Ерөнхийлөгч Нелсон Манделагийн гэрээслэлийг өчигдөр /II.3/ задалж, олон нийтэд танилцууллаа. Нелсон Манделагийн гэрээсэлж үлдээсэн өв хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 46 сая рандаар /4.13 сая ам.доллар/ аж. Тэрээр 40 хуудас бүхий гэрээстээ Йоханнесбург хот болон Зүүн Кейп мужид орших сууц, “Long Walk to Freedom” гэх дурдатгал номны худалдааны орлого зэргийг өв хөрөнгө хэмээн багтаасан байна. Мандела өөрийн хүүхдүүддээ тус бүр 300 мянган ам.долларыг үлдээснээс гадна өөрийн сурч байсан сургуулиуддаа 100 мянган ранд, өөрт нь ажиллаж байсан хүмүүст 50 мянган рандыг тус тус гэрээслэжээ. Мөн тэрээр гэр бүлийн итгэлцэлдээ багтаасан ач, гуч, дөч нарыг багтаасан нийт 30 гаруй хүнд нийт 1.5 сая рандыг өвлүүлсэн байна. Түүнчлэн Нелсон Мандела Өмнөд Африкийн Үндэсний конгресст өөрийн намтай холбоотой зарим төрлийн эзэмшлийн эрхийг шилжүүлсэн гэнэ.
Нелсон Мандела анх 2004 оноос гэрээслэлээ бичиж эхэлсэн бөгөөд 2008 онд сүүлчийн засвараа оруулсан байна. Нелсон Манделагийн гэрээслэлийг түүний нэрэмжит буяны сангаас түүний өв залгамжлагчид болон сэтгүүлчдийн дунд уншиж танилцуулжээ. Тэрээр арьс өнгөөр ялгаварлах үзүлийн эсрэг зоригтойгоор тэмцэж, нэр алдар нь дэлхийд түгсэн нэгэн боловч баян хүн байгаагүй нь гэрээсэлж үлдээсэн өв хөрөнгийн хэмжээнээс нь харагдах аж.
Б.АНХТУЯА