Төгрөг юанийн цонх нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Төгрөг юанийн цонх нээгдэнэ

Санхүү
эдийн засгийн салбарын хувьд онцлох гэж тодотгох үйл явдал өнөөдөр
болно.  БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгч Жоу Сяочуань өнөөдөр Монгол
банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржтой үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп
хэлцлийн гэрээнд гарын үсэг зурах юм. Ханшийн хэлбэлзлээс үүдэх
хүндрэлийг багасгах зорилготой, чухал ач холбогдолтой гэрээ гэж албаны
хүмүүс онцолж байгаа юм. Монгол банкны хувьд ч анх удаагаа ийм онцлог
том гэрээнд гарын үсэг зурах ёслол болно гэдэг утгаараа онцгой ач
холбогдол өгч байгаа гэсэн.

Яагаад Хятадын Ардын банкны
ерөнхийлөгчийн айлчлалыг ийн онцлох болсон тухай олныг нурших нь илүүц ч
биз. Дэлхийн эдийн засгийн газрын зурагт БНХАУ яах ч аргагүй томоор
тодорхойлогдож байгаа. Хүн амын тоогоор ч үйлдвэрлэж буй
бүтээгдэхүүнийхээ цар хэмжээгээр ч, басхүү хүн ам олонтой учир томоохон
хэрэглэгч гэдэг утгаараа ч гэсэн том тоглогч болоод байгаа. Тиймээс
дэлхийн эдийн засгийн газрын зурагт тэргүүлэх биш юмаа гэхэд онцлох улс
нь манай хөрш БНХАУ. Энд тэргүүлэх, тэргүүлэхийг хүсч байгаа гэх мэтт
нарийн асуудлыг хөндсөнгүй. Үүнийг түр орхилоо гэхэд Монгол Улсад
өнөөдөр морилон ирж байгаа ноён Жоу Сяочуанийн айлчлал яахаас аргагүй
онцлог үйл явдал болж байна. Ноён Жоу Сяочуань дэлхийн санхүүгийн
ертөнцөд нөлөөтэй арван хүний нэгд тооцогддог. Энэхүү жагсаалтын эхэнд
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгч
гуравдугаарт бичигддэг ч улс төрийн ач холбогдол, нөлөөллийг нь эс
тооцвол зөвхөн санхүүгийн ертөнцөд үзүүлэх нөлөөллөөр Жоу Сяочуань бол
маш чухал хүн. Үүнд дээр дурдсан Хятадын том зах зээл ч нөлөөтэй нь
тодорхой. Гэхдээ л дэлхийн санхүүгийн ертөнцийн арван нөлөөтэй хүний нэг
нь  Монголд л айлчилж байгаа нь эдийн засаг, санхүүгийн ертөнцийн том
үйл явдал гэж онцлогдохоор байгаа юм.

Тэгвэл өнөөдөр гарын үсэг
зурах гэж буй гэрээний онцлог юу вэ? Своп энэ тэр гэсэн харь үг, тэр
тусмаа санхүүгийн гэрээ хэлцэлтэй холбоотой адармаатай хэллэгүүд жирийн
уншигчдын хувьд ойлгомжгүй байдаг. Үүнийг яаж хялбарчлан ойлгох вэ гэдэг
асуулт гарч ирэх учраас товчхон тайлбарлахыг хичээе. Своп гэрээ бол
мэдээж хэрэг санхүүгийнхны хувьд хэтэрхий энгийн наад захын ойлголт
байх. Гэхдээ ердийн уншигчдын хувьд хамгийн ойлгомжтой жишээг хэлэхэд
2008 оны санхүүгийн хямралын хувьд дэлхийн улс орнуудын хамгийн их
хэрэглэж амжилт олсон хэлбэр. АСЕАН+3 буюу АСЕАН-ы орнууд дээр Япон,
Өмнөд Солонгос, Хятад улс нэгдэн харилцан нээлттэй свопыг хэрэгжүүлснээр
хямралаас айхааргүй дархлааг бий болгож чадсан. Тэд нэгдсэн сан
байгуулж байгаа нь л хямралаас урьдчилан сэргийлэх дархлаатай болсон
гэдгийг илэрхийлж, итгэл төрүүлж чадсан гэдэг.

Харин
монголчуудын хувьд өмнөд хөрштэйгээ своп гэрээ байгуулах болсон нь бас
нэг том дэвшил. Хэдийгээр өмнө нь хоёр хөрштэйгээ ийм гэрээ байгуулах
саналыг тавьж байсан ч гэсэн хойд хөрш ОХУ төдийлөн нааштай хандаж
байгаагүй. Харин БНХАУ-ын төв банкны ерөнхийлөгч Монголд айлчлах сургаар
өмнө бүтэлгүйтэх маягтай байсан гэрээ хэлэлцээр идэвхжиж тодорхой
шийдэлд хүрч байгаа сурагтай.

Монголчуудын хэвшмэл буюу одоо ч
мөрдөгдөж байгаа ёсоор бол БНХАУ-ын юань эрэлттэй валютын нэг.
Хэрэглээний бүтээгдэхүүний дийлэнхээ урд хөршөөс импортлож авч
байгаагийн хувьд юанийн эрэлт хэрэгцээг анхаарах нь төв банкы зүй ёсны
алхам. Тийм ч учраас БНХАУ-ын Ардын банктай своп гэрээ хийснээр юанийн
эрэлт нэмэгдэж гэнэт ханш нь өсөх буюу нийлүүлэлт ховордоход своп цонхны
гэрээний дагуу эрэлт нийлүүлэлтийн харьцааг хангах боломжтой болно гэж
албаны хүмүүс олзуурхаж байгаа юм.

Яг өнөөдөр ямар байгааг сайн
мэдэхгүй ч хавар уул уурхайн салбарыг идэвхжилт эхлэх, намар хүүхэд
залуусын хичээлийн шинэ жил болохтой уралдаанд юанийн ханш хэлбэлздэг.
Үүнийг ч захын ченжүүд алдахгүйгээр ханшийн тоглолт хийдэг. Яг иймэрхүү
нөхцөл байдал үүсэхэд хомсдол үүсэхгүй байхын тулд Монгол Улс БНХАУ-ын
төв банкуудын хооронд байгуулж буй энэхүү гэрээ ач тусаа үзүүлэх буй за.
Ямартаа ч юань, төгрөгийг хаа хаанаа хэрэгцээтэй үед нь шилжүүлж,
нийлүүлж байх цонх ийнхүү нээгдэв. Цонх бол хэзээ ч нээлттэй байдаг,
хаалга бол хэзээ ч хаагдаж магадгүй босготой байдаг учраас санхүүгийн
харилцааны хувьд бас нэг ахиц дэвшил болно гэдэг утгаараа онцлох үйл
явдал болж байна.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж