Морин жилийн итгэл найдвар

Хуучирсан мэдээ: 2014.02.04-нд нийтлэгдсэн

Морин жилийн итгэл найдвар

-Хурд хүч, аз хийморьтой морин жил итгэл найдварыг минь биелүүлнэ гэдэгт залбиран цагаан сүүнийхээ дээжийг өргөлөө, монгол зон-

Монгол түмэн XVII жарны модон морин жилтэйгээ золголоо. Морь эрдэнийг оройдоо дээдэлдэг монголчууд морин жилийг аз хийморь, итгэл найдвар талбин хүлээдэг.

Юун түрүүн амьдрал ахуй маань өөдлөн дэвжээсэй гэсэн хүсэл монгол өрх бүрт бий. Ажил орлоготой нь ажлын амжилтаа ахиулж, орлогоо нэмэгдүүлж чадвал аз хийморьтой байлаа хэмээн дараа жилийн Цагаан сараар дүгнэнэ. Улиран одсон усан могой жилийн хамгийн таагүй мэдээ нь олон ажлын байр хумигдаж, иргэдийн орлого буурсан тухай байсан. Хараахан солонгорч амжаагүй эдийн засаг маань уул уурхайн салбараас бүрэн хараат байгаагийн харгайгаар энэ салбарын хөрөнгө оруулалт буурснаас улбаалан олон өрх хүссэн хэмжээндээ сар шинийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж чадаагүй нь үнэн. Эдийн засгаа солонгоруулна хэмээн яриад хэдэн жил болж байна. Энэ нь эрдэс баялгаас бусад салбарыг хөгжүүлнэ, ганц салбараас хараат бус болно гэсэн үг. Тэгэхээр эхний найдвар солонгорсон эдийн засаг байх нь, морин жилд.

Дараагийн найдвар төмөр зам. Уг нь золгуут хийж яваа жирийн иргэд төмөр зам нь тавигдаад түүгээр нь газар эхийн бидэнд хайрласан шим ашигт малтмалаа зөөгөөд хэрэгцээтэй газар нь аваачиж худалдаалаад хариуд нь хэдэн валют олоод ирвэл хэрэгтэй гэдгийг ойлгоод байгаа юм. Яг тавих болохоор тэр төмөр зам нь нарийн царигтай байх уу, өргөн царигтай байх уу гэдэг дээрээ улаантан, цагаантан болчоод байгаа гэх. Энэ улаантан, цагаантны хайнааг хагалдаг нь хэн юм бол бүү мэд. Хайнааг хагалах гэж уг нь төр баймаар санагдах юм. Төмөр замтай байж гэмээнэ Монгол Улс ашигт малтмалаа дэлхийн зах зээлд гаргаж, ашигт малтмал нь дэлхийн зах зээлд гарч байж бидний ахуй амьдрал сайжрах гээд байдаг. Тэгэхээр дараагийн найдвар төмөр зам хурдан тавигдаасай гэж залбирах хэрэгтэй болох нь.

Жирийн иргэний амьдралтай холбоотой өөр нэг найдвар байна. Тэр нь хууль хяналтын байгууллага халаасны нимгэн, зузаанаас үл хамааран тэгш үйлчилдэг болох. Энэ хорвоод тэгш хүн гэж үгүй. Хэн ч алдаа эндэгдэл гаргадаг. Харин энэ алдаа эндэгдлийг хөрөнгө чинээ, нийгмийн байдал үл хамааран үйлчилдэг хуулийн тэгш үйлчлэл үгүйлэгдэж байгаа. Хохирогч болсон байлаа ч танил тал, хөрөнгө мөнгө, албан тушаалгүй бол хууль хяналтын байгууллагаар эрхээ хамгаалуулах наад захын эрхээ эдэлж чадахгүй гэдэгт итгэлтэй хүмүүс даанч олон болжээ. Шударга бусын гэрч болсноос хамсаатан болсон нь хамаагүй амар гэж ойгох хүний тоо нэмэгдсээр. Ямар сайндаа л “адгийн зарга арав хоног”, “амьд хүний гэрч болсноос үхсэн хүний дэр бол” гэсэн үгс гарах вэ дээ. Хуулийн тэгш үйлчлэл гэдэг бол эрүүл саруул сэтгэхүйтэй иргэн бойжих үндсэн хөрс. Улиран одож буй могой жилд харин энэ үүсээд байгаа “бурангуй” ойлголтыг халах чиглэлд шийдэмгий өөрчлөлт хийхийн эхлэл болгож, эрх зүйн үндсийг нь хангаж өглөө. Үр шим нь морин жилдээ гарах болтугай гэсэн найдвар бидэнд байна.

Эцэст нь “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн санал санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаж, хэрэгжүүлэх эхний алхмуудаа хийлээ. Юун түрүүн засаглалын хямралыг засахаас эхлэхээ мэдэгдэж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгааг халах хуулийн төслөө өргөн барилаа. Давхар дээлийг тайлж дан болгох төсөл хэмээн олонд нэршигдээд байгаа энэ хуулийн өөрчлөлт хөрсөн дээрээ хэрхэн буухыг хэлэхэд арай эрт байна. Ямар ч байсан засах эхлэлийг тавилаа. Ямарваа нэг ажлыг эхэлнэ гэдэг ажлын тэн хагасыг хийсэн гэсэн үг гэж ярьдаг. Тэн хагасаа хийж чадсан юм гүйцээн дугтрах нь бярын биш эвийн л асуудал. Дээдэс минь гүйдлээ олоосой гэсэн бас нэгэн найдварыг морин жилдээ тээж байна.

Хурд хүч, аз хийморьтой морин жил итгэл найдварыг минь биелүүлнэ гэдэгт залбиран цагаан сүүнийхээ дээжийг өргөлөө, монгол зон.

Д.НАРАНТУЯА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №047

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж