
Үүний зэрэгцээ Украиныг Европын холбоонд нэгтгэж, ОХУ-аас хараат байдлаас салахыг хүссэн иргэдийн эсэргүүцлийн жагсаал Киев хотноо үргэлжилж байна. Жагсагчид Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцрохыг шаардсаар буй гэнэ. Үүнээс өмнө Украины эрх баригчид бослого, үймээний нөхцөл байдлыг намжаахын тулд Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулж, жагсаал, цуглааны эсрэг хуулиа цуцалж, өршөөлийн хуулийг хэлэлцэн баталсан билээ.
Украинд үүсээд буй зөрчилт байдал өнгөрсөн арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Виктор Янукович Европын холбоо, чөлөөт худалдааны гэрээнд нэгдэх гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсанаас үүдэлтэй. Ард иргэд Виктор Януковичийг ОХУ-ын нөлөөнд автаж, улс орны хүсэл, сонирхлыг үл тоосон хэмээн огцрохыг шаардсан юм. Үүнээс хойш өдөр өнгөрөх тусам Виктор Януковичийг эсэргүүцэгчдийн тоо нэмэгдсээр байсан бөгөөд үүний эсрэг Украины хууль тогтоогчид жагсаал, цуглааны эсрэг хууль баталжээ. Гэвч иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд бүдүүлгэр халдсан жагсаал, цуглааны эсрэг хууль нь ард олны уур хилэнг улам нэмэгдүүлж, эсэргүүцэл бүх нийтийг хамарч эхэлсэн юм. Жагсаал цуглаан, үймээн самуун Киев хотоос хүрээгээ хальж, Украины бусад хотуудыг хамрах болж, мөргөлдөөний улмаас дөрвөн хүн амь үрэгджээ.