Оросууд бөмбөгтэй хоккейн ДАШТ-нд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.02.03-нд нийтлэгдсэн

Оросууд бөмбөгтэй хоккейн ДАШТ-нд түрүүлэв

Бенди буюу бөмбөгтэй хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ түрүүлж, аваргын цом хүртсэн бол Швед дэд аваргаар шалгарлаа.

ОХУ-ын Эрхүү хотноо нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 2-ны хооронд бөмбөгтэй хоккейн 34 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “А” хэсэгт шилдэг найман баг, “В” хэсэгт есөн баг өрсөлдөв.

“В” хэсэгт өрсөлдсөн Монгол Улсын шигшээ баг зургаадугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлэв.

 “А” хэсгийн хагас шигшээд Финланд-ОХУ, Швед-Казахстан улсууд шалгарснаас ОХУ, Швед аваргын төлөө шалгарсан. Шигшээ тоглолт өчигдөр болж, 3:2-ийн харьцаагаар ОХУ ялалт байгуулав. Казахстан-Финландын тоглолтод 5:3-ийн харьцаагаар Казахстан ялалт байгуулснаар дэлхийн аваргын тав дахь хүрэл медалиа хүртжээ. Тус багийн хувьд 1995 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд 2002, 2003 болон сүүлийн гурван жил дараалан хүрэл медаль хүртэж байна.

Монгол Улсын шигшээ гурван хожил авлаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монгол Улсын шигшээ гурван хожил авлаа.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “В” хэсэгт есөн баг хоёр хэсэгт хуваагдаж өрсөлдсөнөөс Латвийн баг тэргүүлж, Эстон, Унгарын багууд удаах байрыг эзэлжээ. Энэ хэсэгт Монгол Улсын шигшээ баг зургаадугаар байрыг эзэлсэн амжилтыг үзүүллээ. Монгол Улсын шигшээ баг Group D-д Япон, Украин, Герман болон Африк тивээс анх удаа оролцож буй Самоли улсын багтай багтсан. Хэсэгтээ Герман (3:1), Украин (7:2), Самоли (12:1) улсын шигшээ багийг хожиж, Японд (2:3) ялагдсан Монгол Улсын шигшээ баг хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар “В” хэсгийн хагас шигшээд багтахын тулд Унгарын багтай тоглож, 4:5-ийн харьцаагаар ялагдал хүлээснээр тавдугаар байрын төлөө Голландын багтай таарчээ. Энэхүү тоглолт өнгөрөгч баасан гаригт болсон бөгөөд 3:2-ийн харьцаагаар голландчууд ялалт байгуулж, тус дэлхийн аваргын анхны хожлоо авсан байна. Хэсэгтээ нэг ч хожил аваагүй (Унгар, Эстон, Латви) Голландын баг Японы багт 2:3-ын харьцаагаар ялагдсанаар тавдугаар байрын төлөө шалгарчээ.

Тэмцээний "А" болон "В" хэсгийн байр эзэлсэн байдлыг танилцуулбал:

“А” хэсэг:

Алтан медаль: ОХУ
Мөнгөн медаль: Швед
Хүрэл медаль: Казахстан
IV байр: Финланд
V байр: Норвеги
VI байр: АНУ
VII байр: Беларус
VIII байр: Канад

“В” хэсэг:

Алтан медаль: Латви
Мөнгөн медаль: Эстони
Хүрэл медаль: Унгар
IV байр: Япон
V байр: Голланд
VI байр: Монгол улс
VII байр: Герман
VIII байр: Украин
IX байр: Самоли улс тус тус эзэлсэн байна. “В” хэсэгт тэргүүлсэн Латвийн багийн хувьд ирэх жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “А” хэсэгт дэвшин тоглох юм.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж