Өлсгөлөнд 27 хүн нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.14-нд нийтлэгдсэн

Өлсгөлөнд 27 хүн нэмэгджээ

“Амлалт нэхэх ард түмний холбоо” \АНАТХ\-ны удирдлагуудын өлсгөлөн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэдний  биеийн байдал ямар байгаа болон цаашид ямар арга хэмжээ  авах талаар  АНАТХ- ны ерөнхий зохицуулагч Г.Уянгаас тодрууллаа. 

-Өлсгөлөнд 33 хүн нэгдэх гэж байгаа гэсэн үү. Өндөр настай цөөнгүй байгаа гэсэн.Тэдний биеийн байдал ямар байна?

– Анх долоон хүн өлсгөлөн зарлаж эхэлсэн. Өчигдөр 27 хүн нэмэгдэж одоогийн байдлаар нийт 34 хүн өлсгөлөнд оролцож байна. Бид өлсгөлөн зарлаад зургаа хонож байна. Одоогоор их сульдсан , суурь хууч өвчнүүд сэдэрч байгаа нь илэрч байна.  Гэхдээ бид гэрт байгаа учир  харьцангүй гайгүй байна. Наад зах нь гал түлж дулаацаж байна. Харин гадаа байгаа хүмүүс их хүнд байна.

– Та бүхэн өлсгөлөнгөө зогсоох бодол байна уу.  Тавьж буй шаардлагад ямар нэгэн хариу ирсэнүү?

– Одоогоор бидний шаардлагад албан ёсны хариулт өгөөгүй байна. Өглөө УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир  бидэнтэй ирж уулзсан. Ард түмний саналыг хүндэтгэх ёстой. УИХ-аар санал хураалтын талаар хэлэлцэх нь зүйтэй гэж хэлж байгаагаа хэлээд гишүүдтэй хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Бидний болон ард түмний шаардлагыг биелүүлж бүх нийтийн санал асуулгыг явуултал өлсгөлөнг үргэлжлүүлэх болно.

– Өлсгөлөнд оролцогчдынн 20 нь өлсгөлөнгөө зогсоож байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Мөн Ховд аймгийн дэмжигчид нутаг буцсан гэсэн ?

– Энэ бол бидний тэмцлийг зогсоох гэсэн явуулга, цуурхал юм. Өлсгөлөнд хүмүүс нэмэгдэж байгаа болохоос хасагдаагүй. Ховдоос өчигдөр таван хүн нэмэгдэж ирсэн. Суултанд бүх аймгийн төлөөлөл болсон 80-90 иргэн оролцож байна. Эдний дотор 5-ны өдрөөс хойш суултанд оролцож байгаа 92 настай ч хүн байгаа.

– Хэрвээ та бүхний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, бүх нийтийн санал асуулгыг явуулахгүй гэж шийдвэрлэвэл цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?

– Мэдээж ард иргэдийн хүсэлт шаардлагыг хүндэлнэ гэж найдаж байна. Дөнгөж сая Тусгаар тогтнол хөдөлгөөний зохицуулагч Л. Баярхүү , Л.Цог УИХ-ын гишүүн З.Алтай , С.Оюун , Д.Энхбат нартай уулзахаар явсан. Хэрвээ санал асуулгыг явуулахгүй татгалзсан хариу өгсөн тохиолдолд хийхээр төлөвлөсөн ажил байгаа. Энэ бүхнийг цаг тухайд нь та бүхэнд мэдээллэх болно.

Ө.Чинзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж