2007 оны цагаан сар санаанаас ер мартагддаггүй юм. Тэр жил оюутны дотуур байрандаа ганцаараа шинэллээ. Хоёрдугаар курсийн оюутан байсан юм. Гэр хол, хичээл нь орж буй оюутнуудын хувьд цагаан сарын баяр төдийлөн анзаарагдахгүй өнгөрөх нь бий. Их сургуулийн маань амралт Цагаан сарын баярын өмнөхөн таарсан тул гэр лүүгээ явалгүй байрандаа шинэлэхээр боллоо. Оюутны байранд хамт амьдардаг нөхөд маань нутгаа зорьцгоож харин би л ганцаараа үлдэв.
Хөл хөдөлгөөн үргэлжид тасардаггүй байсан оюутны байр эл хульхан. Өмнө нь хэдүүлээ хэн нэгнийхээ тасагт ороод буу халахаараа юу эсийг хуучлахав. “Энэ байр чөтгөртэй юм гэнэ билээ. Тэр хүүхдийг явж байсан чинь элдэв янзын зүйл харагдсан гэнэ билээ” гээд голдуу чөтгөрийн тухай л ярьдаг байж дээ.
Тасагтаа ганцаараа үлдсэн тул шөнө нь өнөөх чөтгөрөөс нь их айна. Зурагтаа асаачихаад шөнөжин ТВ9 телевизийг үзнэ. Тухайн үед ТВ9 телевиз л шөнийн турш гардаг байсан юм уу даа. Оюутны байранд ямар телевизийн кабель гэж байх биш. Өдөр нь унтана. Хүүхдүүд тасагтаа цуглан элдвийг ярьж бас тоглоом тоглож байгаа нь сонстоно. Оюутны байранд чимээ аниргүй, нам гүм болчихдог. Хичээл орж буй үед оюутны байранд жинхэнэ утгаараа “шөнө болдоггүй”. Оюутнуудын хөл хөдөлгөөн, инээд хөөр тасардаггүй газар.
Цагаан сарын баяр ойртоод иртэл сургуулийн хичээл ч нэг их орсонгүй. Багш нар даалгавар өгчихөөд гараад явчихна. Ангийнхан Цагаан сардаа бэлтгэж байгаа тухайгаа ярина. Харин дотуур байрны оюутан нөхдүүд бол “Цагаан сар хурдан дуусч, хичээл нь эхлээсэй” гэсэн аятай юм бодоод л суудаг байлаа.
Битүүний өдөр боллоо. Байранд үлдсэн хэсэг оюутны хамт махаа, гурилаа нийлүүлж байгаад бууз хийж идлээ. Гэртээ байсан бол би ингэх байсан, тэгэх байсан гээд баахан мөрөөдөж байгаад тасаг, тасаг руугаа унтахаар явдагсан. Тасагтаа ганцаараа айгаад байна гэдгээ нэрэлхүү зангаасаа болоод бусаддаа хэлэхгүй ээ, бас.
Битүүний шөнө орондоо ороод л телевизээ үзээд хэсэг хэвттэл өлсч байна гэдэг жигтэйхэн. Шөнийн 00:30 цаг болж байна. Гэртээ байсан бол битүүртлээ идчихээд л хоолоо яаж шингээх талаар бодох байсан биз. Харин оюутны байранд яг эсрэгээрээ. Бараг л орой идсэн хэдэн буузаа шингээхгүйг хичээж байгаа юм чинь. Нэг цаг хэвтлээ. Үзэж буй телевизээр олигтой нэвтрүүлэг гарахгүй болохоор өлсч байгаагаа улам мэдэрнэ. Ингэсээр дахин нэг цаг хэртэй гүрийн хэвтлээ. Нойр хулжсан, чөтгөр гэх зүйлээс айж буй учир нойр аль хэдийн мартагдсан. Унтах гэж хичнээн хичээвч, нойр хүрэхгүй.
Хэсэг гэртээ ямар сайхан цагаалдаг байсан мөчөө бодож хэсэг хэвтлээ. “Монгол хүн байна даа битүүнийхээ шөнө өлсч хэвтэх муу ёр байлгүй” гэж бодоод, босч хоол хийхээр шийдэв. Хамгийн хурдан бөгөөд шөнө идэхэд тохиромжтой хоол буюу алтан медальтай хоол гэж нэрлэдэг байсан бантан юм. Бантан хийхэд амархан бас хурдан болно, шингүүртэй. Ингээд нэг удаагийн сар шинийн битүүний шөнө бантан идэж, битүүрч байлаа. Өглөө эртлэн босч,ааштай, байнга загнадаг жижүүр эгчтэй золголоо. Нэг л сайхан. Хатуу чанга, муухай ааштайгаар алдартай жижүүр маань хүртэл нэг л дотны хүн ч юм шиг санагддаг юм билээ. Байрнаасаа гарч мөрөө гаргаад, нагац ахындаа очиж золголоо. Уур савлуулах жигнүүрээс буулгах бууз, ширээн дээр данхайтал залсан ууцыг хараад Сар шинэ болж байгааг мэдэрлээ. Цагаан сарын өмнө нагац ах маань манайд ирж шинэлээрэй гэж “тушаасан” ч, монгол хүн битүүн, шинийн нэгэнд айл хонохыг цээрлэдэг ёстой. Тиймээс ийнхүү гэр болсон оюутны байрандаа бантан идэж, битүүрээд золгуут хийж яваа энэ байлаа. Тухайн үедээ дахиж хэзээ ч цагаан сараар оюутны байранд шинэлэхгүй дээ тангараг өргөх шахаж байсан ч одоо бодоход оюутан насны хамгийн сайхан дурсамж болон үлджээ. Оюутны байранд цагаан сар сайхан болдог юм. Тавагтай идээ засч, тарган ууц тавьж тансаглаагүй ч, аав, ээжийг минь орлох байрын жижүүртэйгээ золгоод шинийн нэгнийг угтах сайхан байж.
Холбоотой мэдээ