
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас гаргасан дүгнэлтээр уг халдварыг ховор, гэнэтийн, нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөөтэй гэж үзсэн байна.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ)-аас харъяа газар, алба, хэлтсийн дарга нарт хяналт шалгалтыг өндөрсгөх дараахь үүргийг өгсний зэрэгцээ сар шинийн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй аж. Маргаашнаас ажил эхэлж, хил гааль нээлттэй болно. Тиймээс Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсүүд Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасны дагуу хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчдын халууныг хэмжих, сэжигтэй тохиолдол илэрвэл тэдгээрээс дэлгэрэнгүй асуумж судалгаа авах.
Хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг халдваргүйтгэлд бүрэн хамруулж, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц, тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангаж ажиллах.
Импортоор орж буй шувуу, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавих хүнсний аюулгүй байдлын хяналтыг чангатгах. Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газруудад Эрүүл мэндийн сайдын 2010 оны 362 дугаар тушаалыг хэрэгжүүлж, бэлэн байдлыг хангаж ажиллах.
Иргэд, хилийн боомтоор зорчигчдод шинэ халдварын талаар бодитой мэдээлэл, зөвлөмж сэрэмжлүүлэг хийх, халдварын сэжигтэй тохиолдол илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвд ( утас:100,455388) болон МХЕГ-т ( утас: 264786, 263150, 263642, 264342 ) шуурхай мэдээлэх.
Шинэ халдварын талаарх цаг үеийн мэдээллийг байгууллагын болон Томуугийн үндэсний төв /www.flu.mn/, Эрүүл мэндийн яам /www.moh.mn/, бусад холбогдох цахим хаягаар тогтмол авч, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах үүргийг холбогдох газруудад өгчээ.