2014 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дэлхий даяар Дорнын сар шинийн баярыг угтан тэмдэглэв. Тэрбум хол давсан хүмүүсийн тэмдэглэх Хятадын хуанлийн хамгийн хөгшин бөгөөд хамгийн чухал энэ баярыг барууныхан Хятадын шинэ жил гэж нэрлэдэг. Энэ удаа хөх морин жил ирж байна. Манай өмнөд хөршид энэ баяраар хоёр долоо хоног үргэлжлээд Дэнлүүний баяраар төгсгөл болдог.
Сар шинийн баярын өмнөх долоо хоногт Хятад даяар ажил хэрэг дуусна. Баярыг халуун бүлээрээ тэмдэглэх учраас их, дээд сургуулиуд, офисийн районууд, худалдааны төвүүд “хоосорно”. Ресторан, зоогийн газрууд, дэлгүүр мухлагууд хүртэл хаана.
Баярын арга хэмжээ 15 хоног үргэлжилнэ. Ард олон нийтийн зугаалга хийн, сүм хийдээр яван тахил мөргөлөө үйлдэхээс гадна луу арслангийн хувцас багтай уламжлалт бүжиг наадмыг үзэж сонирхдог.
Хятадууд мөн энэ баярыг тэмдэглэж буй дорнынхон түүнийгээ Хаврын баяр гэж нэрлэнэ. Мөн олон хүмүүс “lunar new year” хэмээн нэрлэх болжээ. Тэр баяр нь арванхоёрдугаар сарын 21-ээс хойших хоёр дахь шинэ сараар буюу григорианы хуанлигаар нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 20-ны хооронд тохиодог. Энэ удаа дорнын шинэ он нэгдүгээр сарын 31-нд шилжих шөнөөр таарч байна.
Уг баярын түүх нь Хятадын уламжлалт хөдөө аж ахуйн хуанлитай холбоотой. Хятадад хөдөө аж ахуйн улирлаа 24 үе болгон хуваадаг бөгөөд Хаврын баярын эхлэл нь “хаврыг тогтоох” үед таардаг байна.
Хаврын эхний өдөр янз бүрийн үр тариагаар «лабажоу» гэх амттай бэрээсийг халуун бүлдээ бэлтгэнэ. Бэрээст улаан шош, нунтагласан бадамлянхуа цэцэг, элдэв чавга, самар зэрэг амттанаар хачирлана. Тэр нь ирж буй онд ургац арвин, амьдрал дүүрэн байхыг бэлгэдэг. Дараа нь баярын хоол ундаар ширээгээ дүүргэн хэдэн цагийн турш найрлана. Ахмад настнууд нь «хунбао» гэсэн нэртэй мөнгө бүхий улаан дугтуйг хүүхэд залуусдаа гардуулан бэлэглэнэ. Хятадын шинэ жилийг тэд улаан хувцастай тэмдэглэх бөгөөд тэр нь “аз хийморийн бэлгэдэл” гэнэ.
Дорнын сар шинийн баярын өмнө бүгд их цэвэрлэгээ хийдэг. Хятадуудын хувьд баярын гол бэлгэдэл нь лууны гэх улаан дэнлүү юм. Түүнийг энд тэндгүй өлгөх ба мөн мөргөлийн ишлэл, хийморийн дарцаг хийсгэнэ.
Хятад уламжлалаар гэр орныг баяжуулдаг гэх галын бурхан Цаовандаад тахил өргөнө. Шинэ жилийн шөнө бүгд зугаалж, салют буудана. Шинийн нэгний өдөр гэрээс гарахдаа муу муухайг зайлуулах гэж дуу чимээ гарган, бялт буудан ихээхэн дуутай байдаг. Тэдэнд шинэ жилийн эхний өдөр гартаа хутга барихгүй байх мөн өмнөх өдрийн бэлтгээд бараагүй хоолоо идэж дуусгана гэсэн ёс байдаг. Шинэ оныг өөрийн эцэг эхийн хамт тэмдэглээд дараагийн өдөр нь хадмууддаа эргэн зочилдон. Шинийн гурванд элэнц, хуланц, өвөг дээдсээ дурсан зул, хүч асаан тахил өргөдөг.
Хятадуудын хоёр долоо хоногийн зугаалга энэ жилд хоёрдугаар сарын 14-нд болох Улаан дэнлүүний баяраар дуусна. Энэ баяраар тэргэл сарыг харж, дэнлүүний таавруудыг тааж, «юаньсяо» гэх тусгай десерт амсан зугаална.
Дорнын шинэ он бүр нь “таван махбодийн” онолтой холбоотой өнгө мөн дорнын зурхайн 12 амьтны нэрээр дараалан нэрлэгддэг. Энэ жил Хөх морин жил ирж байна. Морин жилд төрсөн хүмүүсийг нээлттэй, тавьсан зорилгынхоо төлөө тууштай явдаг хэмээн тооцдог.