
Үүний зэрэгцээ Египетийн Засгийн газраас терроризмын эсрэг шинэ хууль батлахаар төлөвлөж байгаа гэнэ. Терроризмын эсрэг хууль нь цахим хуудсуудыг ашиглан хүчирхийлэл, халдлагад уриалах явдлыг гэмт хэрэгт тооцох зэрэг маш хатуу заалтуудтай байх аж. Учир нь 2011 онд Египетэд хувьсгал гарч, экс Ерөнхийлөгч Хосни Мубаракийг суудлаас зайлуулахад “Facebook” гэх мэт цахим хуудсууд ард олныг эсэргүүцлийн жагсаалд уриалах, хүчээ нэгтгэх гол хэрэгсэл нь болж байсан юм.
Египетэд өнгөрсөн долдугаар сард төрийн эргэлт гарч, цэргийнхэн эрх мэдлийг гартаа авснаас хойш “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний олон мянган гишүүн, лидер, идэвхитнийг баривчлаад буй юм. Түүнчлэн Засгийн эрхийг хүчээр булааж авсан цэргийнхний эсрэг “Мусульман ахан дүүс”-ийнхний эсэргүүцлийг дарахын тулд Египетийн удирдагчид онц байдал тогтоон, хүч хэрэглэжээ. Египетэд өнгөрсөн наймдугаар сараас хойш Египетийн Засгийн газар болон Мурсийг дэмжигчдийн хооронд гарсан мөргөлдөөн, халдлагын улмаас олон зуун хүн амь үрэгдээд байна.
Египетийн эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх дөрөвдүгээр сарын дундуур хэмээн зарлаж, Зэвсэгт хүчний дээд командлагч Абдель Фаттах аль-Сисиг нэр дэвшүүлжээ.