Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
-Нийт Монгол түмэндээ сар шинийн мэнд дэвшүүлье. Өргөн хотлоороо сайхан шинэлж, сар шинэдээ сайхан орж байгаа гэж найдаж байна. Төрийн ордонд 93-106 настай ахмадуудтайгаа золголоо. Энэ жил сайхан жил гарч байна. Морин жил Монгол түмэнд хийморь буянаа өгсөн сайхан жил байдаг. Морин жилд монголчуудын түүхэнд олон сайхан явдлууд болдог. Энэ жил Монгол түмний түүх, хөгжлийг урагшлуулсан олон сайхан үйл явдлаар дүүрэн жил болно гэдэгт итгэж байна. Бидэнд хийж, бүтээх ажил их байгаа. 2014 он морин жил монголчуудын хувьд хийж бүтээх жил. Олон асуудлыг ард түмнийхээ тусын тулд хийх ажлаар дүүрэн, ийм агуулгатай жил болно. Өвгөд хөгшдөө хүндэлж, хүүхдүүдээ хүндэлж, соёл уламжлалаа түгээж, сайн зүйлийг ярилцаж, сайхан ерөөл хэлэлцэж нийт ард иргэд маань өргөн хотлоороо өнөр өтгөн сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монгол түмний маань буян заяа улам дээшээ мандан байдарч байх болтугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Монголчууддаа сар шинийн мэнд хүргэе. Улиран өнгөрч байгаа могой жил та бидэнд үр өгөөж, өлзийгөө өгсөн, бүтээн байгуулалтаа босгосон сайхан жил боллоо. Морин жилдээ монголчууд айл өрх, хүн бүхэн улам их эрч хүчтэй, эрүүл энх байж хамтдаа их зүйлийг Монголдоо хийж бүтээцгээе. 2014 оныг Шинэчлэлийн Засгийн газар Монголдоо бүтээцгээе уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ уриан дор бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ хөдөлж, бие биедээ дэм болж, бие биенийхээ хийж бүтээж байгаа бүхнийг дэмжиж, тусалж, хамтдаа олон сайхан зүйлийг монголдоо хийж бүтээцгээе. Гарч байгаа морин жилдээ бүгдээрээ эрүүл энх, аз хийморьтой явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн маань Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
УИХ-ын дарга З.Энхболд:
-Сайхан шинэлцгээж байна уу. Өнгөрсөн усан могой жил монголчуудын хувьд сайхан жил байлаа. УИХ олон шийдвэр гаргасан. Түүн дотроос Монгол Улс анх удаа Ашигт малтмалаа байгалийн баялагтайгаа зохицож ашиглах Эрдэс баялагийн бодлоготой боллоо. Хөрөнгө оруулагчдыг гадаад дотоод гэж ялгаварлалгүй Хөрөнгө оруулалтын хуультай боллоо. Хууль шүүхийн байгууллагын шинэчлэл үргэлжилж байна. Ирж байгаа модон морин жил монголчуудын хувьд сайхан жил гарч байна. Өнгөрсөн жил хүн ам бараг гурван сая, мал сүрэг нь 45 сая гарсан өнтэй жил болж байна. Ирж байгаа модон морин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.
Ш.ОЧ