-Юуны өмнө "Болор цом" наадмын тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе. Тэргүүн байрын шагнал хүртчихээд их гүн утга бүхий сайхан үг хэлнэ билээ?
-Баярлалаа. Өндөр гэгээний мэлмий оршсон, үе үеийн цэцэн билэгт яруу найрагч, зохиолчид төрсөн өврийн хангай нутгийнхаа тэнгэр дор "Болор цом"-ын хүндтэй байр эзэлсэндээ үнэхээр баяртай байна. Манай нутгаас өмнө нь анх Д.Пүрэвдорж гуай "Болор цом"-ын эзэн болсноос хойш яруу найрагч Б.Ичинхорлоо хоёронтоо уг цомыг хүртээд байсан.
-Та "Болор цом" наадамд өмнө нь айргийн гуравт давхиж байсан. Тэр чинь 2005 оны үе байх. Харин түүнээс хойш оролцоогүй дээ. Яагаад оролцоогүй юм бол ?
-Анх 1999 оны "Болор цом" наадамд их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байхдаа шүлгээ уншиж байлаа. Бүх оюутны яруу найргийн наадмаас шалгарч эрх аваад оролцож байсан тэр үе санаанд тодхон байна. Түүнээс хойш хамгийн сүүлд 2005 оноос хойш шүлгээ тайзан дээр уншилгүй тодорхой цаг хугацааг үджээ. Энэ хугацаанд бүтээлүүдээ хэвлүүлж байсан. Харин тайзан дээр уншихын тухайд бол цааргалж, хойш сууж ирсэн минь үнэн юм. Бүтээлээ хэвлүүлчихээд явж байх нь, тодорхой бүтээл биччихээд сууж байхад миний хувьд илүү мэдрэмж, амттай санагдсан биз ээ.
-"Болор цом"-ын шүлгүүдийг чинь, ялангуяа сүүлийн шатанд уншсан шүлгийн талаар уншигч олон сонирхож байгаа нь мэдээж?
-2008 оноос хойш бичиж басхүү ном болгохыг эрмэлзсэн бүтээлүүдээсээ сонгож уншсан. "Хэзээ ба хожмыг өгүүлэх Зангирмал үгс" нэртэй шүлгээ уншсан. Энэ шүлгээ өнгөрсөн зун, намрын заагт бичиж суусан байх юм. Шүлэг, яруу найраг өөрөө уншигч түмэнтэйгээ ойр байх тэр мэдрэмж бололцоог ямар нэг утгаараа энэ сайхан наадам олгож ирсэн гэж үздэг. Үүнд эл наадмын үнэ цэнэ оршин байдаг болов уу.
-Ингэхэд утга зохиолын багш нар хийгээд, сургууль соёлын мөр хөөсөн тухайгаа ярихгүй юу. Таны уран зохиолын багш Сорогдогийн Энхбаяр гэж уран зохиолын онол, шүүмжлэлийн их хүн бий?
-1998 онд Өвөрхангай аймгийн Сант сумын 10 жилийн сургуулийг төгссөн. Намайг уран зохиол, шүлэг яруу найрагт анх хөтөлсөн багш маань Т.Өлзийтогтох гэж хүн байдаг. Энэ багшийгаа их хүндэтгэж явдаг. Нутгийн Д.Лхагваа гэж ах маань бас намайг шүлэг найрагт их хөглөж хөтөлсөн байдаг юм.
Анх зургадугаар ангид байхдаа "Мөрөн гол" гэж анхныхаа шүлгийг бичиж байсан. Хожим бодоход их учир бэлэгшээлтэй, зөн совинтой мөр холбож байжээ. МУБИС-ийн Монгол судлалын сургууль, Утга зохиолын ажилтан-сэтгүүлчийн ангид суралцах боломж маань өнөөдөрт намайг хөтөлж ирсэн. С.Энхбаяр багш маань надад уран зохиолын түүх, онол, аргыг заасан байдаг. Басхүү уран зохиолын сэдвээр багшийнхаа удирдлагад магистрын зэрэг хамгаалсан. Энэ их хүний лекцийг сонссон минь их азтай. МУБИС-ийнхаа Ц.Өнөрбаяр, Д.Оюунбадрах, Ш.Гүндалай, Ж.Батбаатар, Л.Хөвсгөл гээд эрдэмтэн багш нарынхаа шавь болсондоо ямагт бахархаж явдаг.
-Л.Моломжамц найрагчийн хувьд "Өдрийн сонин"-ы гал тогоонд ажиллаж уран бүтээлээ туурвиж байсан. Бид бүхэн баяртай байна. Хэд хэдэн сайхан нийтлэл бичиж билээ. Тэр тухай мөн л асуулгүй өнгөрч болохгүй нь. Ингэхэд манайхан л жил дараалж аваад байна уу даа?
-Үнэхээр тийм сайхан тохиол байна шүү. "Өдрийн сонин"-ы сэтгүүлчээр ажиллаж байсан өдрүүд маань миний амьдралд их зүйлийг өгсөн, сайхан санагддаг. "Нүүдэлчдийн яруу найргийн сүүлчийн гэрэлт аялгуу", "Хөх өвснөө тодрон асах монгол яруу найргийн гэрэлт чулууд" гэсэн нийтлэлүүд бичиж байсан минь сонины үдээсэнд, цаг хугацааны нэг гэрэлт хуудас болон үлджээ. Монголын өдөр тутмын хамгийн том сонинд ажиллаж байсандаа, сэтгүүлчийн үзэг барьж суусан минь надад олдсон аз завшаан юм аа.
-Таны "Нүүдэлчин сэтгэлийн бадгууд", "Дөрвөн цагийн мемори" гээд сайхан бүтээлүүд бий. Эдгээр бүтээлүүдийн өмнөтгөлийг Цэнд-Аюушийн Буянзаяа найрагч тун өвөрмөц, жинхэнэ яруу найргийн бүтээлүүд хэмээн үнэлж байлаа. Ер нь таны сэтгэлгээний онцлог, яруу найргийн мөн чанар тань юу вэ?
-Яруу найргийг хүнд зөвхөн онгод өгдөг, хэн онгодтой нь бичиж туурвидаг мэт бодол нийтийг хамарч байдаг. Үгийн урлаг өөрөө онолтой, түүхтэй хэдэн зуун мянганаар бүтэж, шинэчлэгдэж, түүхэндээ үе үеийн туурвилаа үлдээж ирсэн. Энэ бол хэн хүний тухай яриа биш. Тэгэхээр үгийн урлаг өөрөө, уран зохиол өөрөө онгод авьяас, онол, түүхийн гайхамшигт хүрээлэл, тухайн авьяастны мэдрэмж бодлын дунд сая жинхэнэ бүтээгддэг гэдэг нь гарцаагүй. Энэ цаг үед уран зохиол, тэр дундаа монгол уран зохиолын хөгжлийг зөв харж, зөв үнэлж, зөв зам чигийг гаргаж явах тийм ховор хүмүүсийн нэг бол Ц.Буянзаяа зохиолчийг гэж хэлнэ байх.
Монголын уран зохиолд гайхалтай шинэчлэлийн салхийг 1990-ээд оныхон хийсэн гэдэг нь цаг хугацаа өнгөрөх тусам улам тодрох биз ээ. Үүнд Г.Аюурзана, Б.Галсансүх, Ц.Буянзаяа, Л.Өлзийтөгс гээд сэтгэлгээний туг болсон уран бүтээлчид, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж, Г.Мөнхцэцэг гээд уламжлал, шинэчлэлийг хослуулсан маш олон зохиолч, яруу найрагчийг нэрлэж болно. Миний хувьд өөрийн бүтээлийг тодорхойлох нь, тийм, ийм гэх нэг бодлын зохимжгүй хэрэг байх. Монгол яруу найраг, нүүдэлчдийн гайхам ахуйг санагалзах, тэр бүхнээс үлдэж буй бүхний үнэ цэнийг дээдлэх, шаналал, зовнил харин ямагт дотор минь нуугдаж явдаг юм шиг. Шүлэг, яруу найраг нь сэтгэлээс эхлэн бүтэх үгийн гайхамшигт урлаг юм.
-Төрж өссөн нутаг, Сантынхаа тухай "Дөрвөн цагийн мемори" номдоо та их гайхалтай, сэтгэл хөдлөм дүрслэлүүдийг бичсэн байдаг. Нэг дөрвөн мөртөө сонгож хэлээч гэвэл?
-Тийм сумын төв, суурин ахуйд амьдралын минь тодорхой хугацааг элээсэн болоод тэр биз ээ. "Сантын цоморлиг" гээд өөрөө ч бас хааяа харж унших, өөрийгөө сэрээх дуртай шүлэг бий.
...Дотуур байрны цагаан тоосго бүрийг сугалж, бас буцааж өрж үзнэ
Дотор сэтгэлд минь багын дурсамж хөвөрнө
Хүүхэд нь тарчихсан дотуур байр уйтгарт автсан зуны эхэн сарын арван тавны үдэш
Хөдөө талаас цэцэгсийн үнэр анхилж, морьдын үүрсээ дуулдана …Ийм л мэдрэмжүүд, бас уянга, ахуйн худалгүй үнэнийг тунгааж бичихийг эрмэлзэж байжээ.
-1990-ээд оныхон гэж тодотгол уран зохиолд нэгэнт үлджээ. Түүнээс хойш ямар тодотголтой цаг үе уран зохиолд байх нь вэ. Таны бодлоор?
-Цаг үе бүхнийг төрүүлдэг биз ээ. Манай үеийн залуучууд, утга зохиолд шимтэгчид бол яах аргагүй шинэ мянганы эхээр утга, уран зохиолд орж ирсэн байдаг. Тодорхой хэмжээнд уран бүтээлээ туурвиж, олз омогтой явна. Ер нь өмнөх цаг үеэ хүндэтгэнэ гэдэг маань уран зохиолын уламжлал, шинэчлэлийг давхар агуулгаараа хөндөж байдаг.
-Өнөө жилийн наадмын онцлогийг та хэрхэн дүгнэв. Бусад найрагчдаас хэн хүчтэй өрсөлдөгч байв. Наадмын өмнө хэд хэдэн найрагчдын нэрс дуулдаад байсан. Тэр тухайд?
-"Болор цом" наадмын таамаг мэдээж үүсдэг. Оролцож байгаа бүх найрагч л мэдээж өрсөлдөгчид шүү дээ. Манай үеийн Ц.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Л.Ганзул, Б.Батсайхан, Б.Болорцэрэн, Б.Чулуунцэцэг гээд олон сайн яруу найрагчид маань оролцож өрсөлдлөө. О.Цэнд-Аюуш, Д.Өсөх-Эрдэнэ гээд мөн дүү яруу найрагчид шүлгээ уншиж өрсөлдөж байна. Энэ жилийн хувьд уншиж байгаа яруу найрагчид шүлэг бүтээлийн сэтгэлгээний хувьд тодорхой хэмжээнд өнгө нь өөр л байсан болов уу даа.
-Ойрын үед уран бүтээлийн хувьд ямар зүстэй бүтээл гаргах гэж байна вэ?
-Сүүлийн зургаан жилийн хугацаанд бичиж үзэглэсэн шүлгүүдээ эмхэтгэж "Зангирмал үгс" гэсэн нэр, зүстэй номоо уншигчиддаа барих бодолтой яваа. Мөн үргэлжилсэн үгийн богино хэлбэрийн бүтээлүүд ч бий.
Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"
Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс
Хоног өдрүүдийг туулсан залуугийн мөр, шаргалхан хавтаст ном дотор биед минь сэрчигнэн буйг ч хуудас хуудсаар нь уншиж суунам
Зүсэрч байгаа бороо өнөөх л миний дотор буй гэнэхэн насны минь бүлэг дурдатгалууд
Хэдэн мянган үсэгний цаана нуугдах багын амрагийн дуртмал царай, зангирмал үгс, уйлсан нулимс
Зүйлийн хорвоод төөрүүлсэн олон зам, түүний дундаас миний олж чадсанаа гайхах нэг л үнэн бодомж
Хэзээ ба хожим дахин олоход хэтийдсэн бүдэг дэнлүүт үдшүүдээ ч гайхан бахдаж байна
Энэ миний дотор буй тэр л хуудсууд зарим нь их тод, зарим нь хэт бүдэг, урсаж балартсан
Энэ намрыг л ганцхан давж чадаад үгүйрэн хийсч одох нь их юм
Энэ миний сэтгэлд буй сүүлчийнхээ хүчээр тодроод сарнин урсаж буй дурсамж бүхнээ би
Эцэнгэр намрын бороот салхи, тогоруудын гэрэлт хүзүүнд зүүн уйтгарлан үлдэж буйгаа ч ойлгох юм
Миний дотор шувуу шиг бууж ааль юугаа дэлгэсэн мартагдахын аргагүй хонгорхон охинд ч
Миний багадаа унадаг байсан хайртай хүлгийн минь тунгалаг нүдэнд ч
Дэндүү багад минь одсон ч энхрий дотно хайрлан ширтдэг байсан ээжийн минь хөрөгт ч
Хэзээ ба хожим дахин ингэж учрахгүйн тулд л би зүүгдэн уймардаг ч байж болох юм
Этгээд намрын бороо цонхон цаана сэтгэл уйлан элэглэвч,
Эгэл нандин дурсамж дурсамж бүхнийг минь салхиaраа хийсгэн үгүйрүүлэвч
Эх нутгийн минь аглагт хэвтэх норсон чулуудын болор гэрэл бүхэн цугаар
Хэзээ ба хожмын минь зүгт уйтгарлашгүйн хүчээр сацарнам бусуу даа.