
Өвлийн олимпод оролцох баг тамирчдын хувцсыг энэ сарын 11-нд гардуулан өгсөн ч олны шүүмжийг дагуулаад байсан. Өвлийн олимпод оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Гоёо” компанийнхан урласан ч утаат Улаанбаатарын бэлэгдсэн мэт саарал байна, улсаа төлөөлөн оролцож байгаа гэхэд соёмбо, далбааг илүүтэй товойлгон урласангүй, муу болж хэмээн олны зүгээс “банга” хүртэн сүүлийн өдрүүдэд фейсбүүк, твиттерын гол сэдэв болон бичигдсээр байсан юм.
Тэгвэл өчигдөр өвлийн олимпод оролцох баг тамирчдын хувцсыг дахин шинэчлэн саарал гадуур хослолыг цэнхэрээр сольсон тухай мэдээллийг “Сүнс” хамтлагийн Лхагва гэрэл зургийн хамт өөрийн фэйсбүүк хуудаснаа оруулжээ. Тэрбээр Монголын тамирчдын гоёх ноолууран малгай, ороолтыг дизайнер Ариунаа Сүри төрийн далбаатай байхаар урлан өнөөдөр тамирчдад гардуулан өгөх тухай ч дуулгасан юм.
Монголын тамирчдын бэлтгэлийн хувцсыг Японы алдарт “Мизүно” фермийг сонгон ийнхүү хоёр дахь удаагаа урлууллаа. Сочи өвлийн олимпийн хувцас өмнөхөөсөө дээрдсэн ч цаг давчуу байсан болоод ч тэр үү бас л сэтгэлд хүрэхээр болсонгүй гэх хүмүүс ч олон байлаа. Улсынхаа нэрийг төлөөлөн оролцож байгаа цөөхөн хэдхэн тамирчдынхаа хувцаст илүүтэй анхаарахыг энэ удаагийн өвлийн олимп анхааруулаад авлаа.
Сочигийн олимпод оролцох Монголын баг тамирчид энэ сарын 30-нд буюу өнөөдөр Сочигийн зүг хүлгийн жолоо зална.
Харин ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн наадмын нээлтийн ажиллагааг ирэх хоёрдугаар сарын 7-нд 20.14 цагт эхлүүлэхээр товоо зарласан юм.
Монголын баг тамирчиддаа амжилт хүсье.
Эх сурвалж: www.eagle.mn