
Нуур, гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байгаа бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн байгааг Цаг уурын байгууллагаас мэдээлжээ. Тиймээс сар шинийн золгуут хийхээр хөдөө орон нутгийг зорьж буй иргэд, тээврийн хэрэгслийн жолооч, тээвэрчид цаг хожих, зам товчлох зорилгоор гол мөрний мөсөн дээгүүр явахгүй байхыг анхаарулж байна. Машинаар төдийгүй явганаар зорчихдоо ч асар болгоомжтой байж, мөс цөмрөх аюулаас сэрэмжилж, баталгаатай зам, гүүрээр зорчин аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхааруулсаар байна.
Сар шинийн баярын өдрүүдэд баруун аймгуудын нутгаар бага зэргийн цас орж, салхи 16-18 м/с хүрч цасан шуурга шуурах ажээ. Шинийн 1,2-ны өдөр ихэнх нутгаар хүйтний эрч чангарах тул салхи шуурганы үеэр бага насны хүүхдийг малд болон харгалзах хүнгүйгээр золгуутаар явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох зэрэг эрсдлээс хамгаалахыг холбогдох албаныхан хэлж байна. Мөн алсын замд гарахдаа дулаан хувцаслаж, хувийн бэлтгэлээ сайтар ханган, техникийн бүтэн байдлыг шалгахын дээр шатахуунаа хангалттай нөөцлөх, найдвартай зам, чиглэлийн дагуу зорчих, өөрийгөө болон гэр бүл, дотны хүмүүсээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх нь хэн бүхний санж сэрэмжлүүштэй зүйл билээ. Сар шинийн өдрүүдэд Онцгой байдлын албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ажээ.