Өлгийнхөн сар шинээ тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2014.01.30-нд нийтлэгдсэн

Өлгийнхөн сар шинээ тэмдэглэнэ

Баян-Өлгий аймагт дөрвөн хүн томуугийн А хүрээний H1N1 вирусын халдвар авч, эмчлүүлж байгаагаас тус аймагт хязгаарлалт тогтоогоод байгаа. Долоо хоногийн хугацаатай тогтоосон хязгаарлалтаас үүдэн цэцэрлэгүүд ажиллахгүй байгаа бөгөөд сургуулийн хүүхдийн амралт таарсан тул бусад олон нийтийн арга хэмжээг мөн хориглоод байна. Тиймээс бид Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дарментай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Танай аймагт хязгаарлалт хийж, хөл хорио тогтоогоод байгаа юм байна. Тэгэхээр танай аймгийн монгол ястнууд цагаан сараа хэрхэн тэмдэглэнэ гэсэн үг вэ. Танай  аймгийн хүн амын хэдэн хувь нь казак үндэстэн байдаг вэ?

-Манай аймаг нийт 90878 хүн амтай. Нийт иргэдийн 92 хувь нь казак үндэстэн. Үлдсэн найман хувь нь урианхай, дөрвөд, халх, тува зэрэг олон ястнууд юм. Монгол ястнуудын хувьд сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэх гээд хөл ихтэй байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд түр хорио тогтоосон. Сурагчид амарч таарсан болохоор ханиадыг даамжруулахгүй дарж байна.

-H1N1вирусын халдвар авсан хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ?

-Өвчтөнүүдийн биеийн байдал харьцангуй сайн байгаа. Эм, тариа хангалттай байна. Дутагдсан эм байхгүй. Манай эмч мэргэжилтнүүд Улаанбаатартай байнга холбогдож зөвлөмж авч байна. Нэмж халдвар гараагүй болохоор сар шинийн баярт нөлөөлөхүйц хүндрэл, хорио тогтоогоогүй гэдгийг хэлье дээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж