УИХ-ын тогтоолд өөрчлөлт орууллаа

Хуучирсан мэдээ: 2014.01.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын тогтоолд өөрчлөлт орууллаа

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаан Нууц протоколыг ил болгох тухай хуулийн төслийг хаалттайгаар хэлэлцсэний дараа УИХ-ын 2009 оны 87 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой УИХ-ын гишүүд асуулт, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Ямар шаардлагаар шүүхийн дэргэд салбар зөвлөл байгуулж байгаа вэ, хэр зөв зүйтэй вэ” гэсэн асуултад Ажлын албаны дарга С.Цэдэндамба “Төрийн албаны зөвлөл өөрийн дэргэд орон тооны болон орон тооны бус салбар зөвлөлтэй байна гэж заасан. Тиймээс 50 гаруй салбар зөвлөл ажиллаж байгаа. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд улсын хэмжээнд 79 шүүхийн Тамгын газар байгуулагдаж түүний харьяанд 2300 гаруй төрийн гүйцэтгэх албан тушаалтны ажлын байр гарч байгаа. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс салбар зөвлөлийг байгуулж өгөөч гэж хүссэн. Хуульд заасан үндэслэлийн дагуу орон тооны бус салбар зөвлөлийг байгуулая гэж УИХ-д өргөн мэдүүлсэн” гэлээ.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгч сонгон шалгаруулах ёсгүй. Бүх агентлаг салбар зөвлөлтэй болж байна. Дээрээс нь Шүүхийн ерөнхий зөвлөл бас салбар зөвлөлтэй болж байна. Цаашид Төрийн албаны зөвлөл байх шаардлага байх хэрэг байна уу. 79 шүүхийн Тамгын газрын дарга нарыг сэлгэх нь гэсэн хардлага төрж байна. Төсөв хөрөнгө хангалтгүй байхад Төрийн албаны зөвлөл байх хэрэг байна уу, татан буулгасан нь дээр юм биш үү” гэсэн асуултад Ажлын албаны дарга С.Цэдэндамба “Аль ч орон тооны салбар зөвлөл нэмэлт хөрөнгө шаарддаггүй. Төрийн албаны зөвлөлийн баталсан  журмын дагуу сонгон шалгаруулалт хийдэг. Аль ч шүүхийн салбар зөвлөлд томилогдох хүмүүс Төрийн албаны зөвлөлийн тодорхойлолтоор ажилд орно. Орон тооны бус салбар зөвлөл нь Төрийн албаны зөвлөлийн шууд харьяанд байдаг” гэлээ.

Үүний дараа санал хурааж, 50,9 хувийн саналаар батлагдлаа.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж