Украинд үүсээд буй эсэргүүцэл, бослого үймээн өнгөрсөн аравнэгдүгээр сард Ерөнхийлөгч Виктор Янукович тус улсыг Европын холбоо, чөлөөт худалдааны гэрээнд нэгтгэхгүй байх шийдвэрээс эхтэй юм. Жагсагчид Виктор Януковичийг ОХУ-ын нөлөөнд автаж, улс орны ашиг сонирхлын эсрэг шийдвэр гаргасанд буруутган огцрохыгн шаарджээ. Яг энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд 15 тэрбум ам.долларын эдийн засгийн тусламжийн гэрээг Виктор Януковичтой байгуулснаар түүнийг ацан шалаанд оруулж орхив. Гэсэн ч харьцангуй тайван үргэлжилж байсан эсэргүүцлийг хумих зорилгоор Украины эрх баригчид жагсаал, цуглааны эсрэг хууль баталснаар ард олны уур хилэн Засгийн газрын эсрэг чиглэж, огцрохыг шаардсан билээ.
Түүнчлэн Украины Засгийн газрын огцрох шийдвэртэй зэрэгцэн Европын холбооны Гадаад хэргийн дарга Кэтрин Эштон өчигдөр Киевт айлчисан нь ОХУ-ын эгдүүцлийг төрүүлжээ. ОХУ-ын хувьд Украины Засгийн газар огцорсон тул шинэ засаг бүрэлдтэл тусламжийн гэрээгээ саатуулах шаардлагатай болсон байна.