Үндэслэлтэй цагдан хорьж буй эсэхийг хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Үндэслэлтэй цагдан хорьж буй эсэхийг хэлэлцлээ

“Сэжигтнийг баривчлах, сэ­жиг­­тэн, ял­лагдагчийг  цагдан хо­ри­­ход анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлэг нийслэл, дүүргийн шүүх, прокурор, ХЭҮК, УМБГ, АТГ, Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, ТЕГ, нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн хамтарсан хэлэлцүүлэг өчигдөр ТЕГ-ын хурлын зааланд боллоо. Уг хэлэлцүүлгийн яв­цад зөвлөгөөнд оролцсон бүх бай­гууллагын ажилтнууд сэжигтнийг баривчлах, цагдан хорих асуудал үндэслэлтэй эсэхийг харилцан ярилц­лаа. Үүнд аливаа сэжигтэн, яллагдагчийг цагдан хориход Эрүү­гийн байцаан шийтгэх хуулийг нэг мөр ойлгох зөв хэрэглэх  асуудал чухал байгааг онцолсон байна.  Хэлэлцүүлгийг зохион байгуулж буй нийслэлийн Шүүхээс  прокурорын байгууллагад “Сэжигтэн яллагдаг­чийг саатуулах, цагдан хориход ан­хаа­рах зарим асуудал”,  мөн  цагдан хорих хугацааг сунгах асуудалд хуульд заасан хугацааг баримтлах, саналаа бичгээр ирүүлэх, үндэслэлээ  шүүхэд тодорхой бичихийг  даал­гав. Харин  хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн үйлдэж буй сэжигтнийг баривчлах тогтоол, сэжигтэн яллаг­дагчийг цагдан хорих тухай саналыг хуулийн шаардлагад нийцүүлэн ши­нэчлэхийг Цагдаагийн Ерөнхий газарт зөвлөсөн байна.

Энэ үеэр  нийслэлийн Прокурорын газрын орлогч Хууль цаазын зөвлөх Ё.Сагсайгаас цөөн асуултад хариулт авлаа.

-Иргэдийг хилсээр цагдан хо­рих явдал гардаг. Өөрөөр хэлбэл сэжигтнээр тооцогдон шалгуулж бай­сан хүн маань тодорхой хуга­цааны дараа гэм буруугүй болох нь нотлогдох тохиолдол цөөнгүй. Ингэж хилсээр хоригдсон иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулдаг вэ?
-Хэрэг бүртгэх, мөрдөн байцаал­тын явцад сэжигтэн, яллагдагчаар татагдсан хүмүүсийн хэрэг нь про­курор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болох тохиолдол бий. Хэрэв сэжигтэн үндэслэлгүй цагдан хоригдсон бай­вал хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлт­тэй. Хуулиар зохицуулсан бай­даг. Мөн мөрдөн байцаах ажил­лагааны явцад, байцаагч, прокурор шүүгч алдаа гаргасан байвал тэдэнд хариуцлага тооцно. Иргэдээс хил­сээр, үндэслэлгүй шийтгүүлж эрх нь зөрчигдсөн гэж прокурорын бай­гууллагад, ХЭҮК-д өргөдөл гом­дол  цөөнгүй ирдэг.  Уг гомдлын дагуу шалгаж үзээд үнэхээр хүний эрх зөрчиж, хууль бусаар цагдан хорьсон байвал зохих албанынханд хариулцлага тооцно.

-Хэлэлцүүлгийн явцад нэг өм­­гөө­лөгчийн зүгээс “машины цонх хагалж  бусдад 60 мянган төгрөгийн хохирол учруулсан хүнийг цагдан хорьсон байна” гэсэн мэдээлэл ч гарч байна л даа?

-Өнөөдрийн /өчигдрийн/ хэлэл­цүүлгийн үеэр бусдад   60 мянган төгрөгийн хохирол учруулсан хүнийг цагдан хорьсон гэж ярьсан өмгөөлөгчийг би ойлгосонгүй.  Тэгэхээр Монгол улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  шинэчлэн  тогоож, 140.400 төгрөг  болгосон. Эрүүгийн хуульд  140.400 дээш  төгрөгийн эд зүйл хулгайлсан бол эрүүгийн хэрэг үүсгэнэ гэж заасан. Гэтэл 60 мянган төгрөгийн шил хагалсан хүнд  эрүүгийн хэрэг үүсгэсэн бол хэрэг бүртгэгч алдаа гаргажээ. Эсхүл өмгөөлөгч худал хэлж байна.

-Өндөр албан тушаалтнууд эрүү­гийн хэрэгт татагдахаар цаг­дан хорихгүй мөртлөө жирийн ир­гэдийг хэрэгт татагдсан л бол шууд хорьж байна гэсэн шүүмжлэл их байна. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
-Хэн гэх төрийн албан хаагчийг цагдан хорихоос татгалзсан бэ гэдэг тодорхой баримт дээр тулгуурлаж ярих нь зүйтэй болов уу. Эрүүгийн хэрэгт сэжигтэн яллагдагчаар татагд­сан, төрийн албан хаагч, өндөр албан тушаалд ажиллаж байсан хүмүүс ч олон бий шүү дээ. Зөвхөн жирийн иргэдийг цагдан хорьж байна гэвэл өрөөсгөл ойлголт. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуульд  заасны дагуу тодорхой үндэслэлээр сэжиг­тэн, яллагдагчийг цагдан хорьж байгаа.

-Цагдан хорих таслан сэргий­лэх арга хэмжээг яг ямар нөхцөлд авахаар хуульд заасан байдаг вэ?
-Сэжигтнээр татагдсан хүн бүрийн хорьдог юм биш шүү дээ. Тухайн хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг тогтооно. Цагдан хорих арга хэмжээ аваагүй улмаас шүүх ажиллагаанаас оргон зай­лах тохиолдол мэр сэр гарсан. Барь­цаат батлан даалтын үед  оргон зайл­сан тохиолдол ч бий. Тэгэхээр түрүүн ТЕГ-ын мөрдөн байцаагч хэлэлцүүлгийн үеэр хэлж байна лээ. ОХУ-ын хоёр иргэн барьцаат  батлан даалтын үеэр оргон зайлсан гэсэн мэдээллийг өгч байсан. Тэд нутаг руугаа оргон зайлсан ч нэг нь ял шийтгүүлсэн нөгөөх нь нас барсан гэсэн баримт материал манайд ирсэн.

Уг хэлэлцүүлгийг зохион байгуулсан нийслэлийн Шүүхийн шүүгч Д.Дамдин-Одоос дараахи асуултад хариулт авсан юм.

-Хэлэлцүүлгийн талаар товч мэдээлэл өгөх үү?
-“Сэжигтэн, яллагдагчийг цагдан хориход анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг бүх хууль,хяналтын байгууллагын төлөөлийн дунд манай нийслэлийн Шүүхээс явуулж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго бол  сэжигтнүүдийг цагдах хорих асуудал хэр зэрэг үндэслэлтэй эсэх, уг асуудлыг шийдвэрлэхэд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөв хэрэглэх зэрэг гол асуудлыг харилцан хэлэлцэж зөвлөмж гаргахаар тогтлоо.

-Шүүхийн шийдвэрээр  цаг­дах хорих арга хэмжээг авдаг. Тэ­гэхээр шүүгч сэжигтнийг тас­лан сэргийлэх, цагдах хорих ар­га хэмжээг хуульд заасан үндэс­лэлгүйгээр цагдах хорьсон бол шүүгчид яиар хариуцлага хүлээлгэх вэ?
-Хуульд тодорхой заасан. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч, прокурор хэргийг шалгах явцад хууль зөрчсөн бол тодорхой хариуцлага хүлээх тухай. Тэгэхээр тэр хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ шүү дээ.

-Монголд олон зуун тэрбум төгрөгийн хохирол учруулсан Жорж Чайлмерс  шүүхийн шатанд оргон зайлсан. Түүнийг  оргуулсан шүүгчдэд хариулцлага тооцсон уу?

-Шүүхэд өмгөөлөгчийн зүгээс  “цагдан хорих шаардлага байхгүй, оршин суух хаяг нь тодорхой” гэх мэтийн үндэслэлүүдийг тавьсан тохиолдолд хуулийн хүрээнд хүсэлтийг хүлээн авах учиртай.  Заавал хүний эрх зөрчиж хорих ёстой гэсэн ойлголт байж болохгүй шүү дээ. Өмгөөлөгч хуульд нийцсэн санал тавьж байхад үүнийг няцааж болохгүй. Харин тодорхой үүрэг чиглэлийнхээ дагуу сэжигтнийг батлан даалтад гарсных нь дараа хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч тодорхой хяналт тавих ёстой.

Н.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж