
Сүхбаатар аймагт ажиллах үед аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ажлаа
танилцуулжээ. Шилдэг аймгаар шалгарсан тус аймгийн туршлагаас
суралцахаар Хэнтий, Дорнодын Засаг даргын тамгын газраас ч танилцццлгад
оролцжээ.
Сүхбаатар аймаг 56.347 мянган хүн амтай. Энэ нь өнгөрөгч
оныхоос 699 мянган хүн амаар нэмэгдсэн гэсэн үг юм. Түүнчлэн малын тоо
толгой нь өнгөрөгч оныхоос 210 мянган тоо толгойгоор нэмэгдсэн гээд
хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр тус аймгийн иргэд
орон нутагтаа ирж суурьших нь ихэссэн байна.
Аймгийн Засаг даргын
тамгын газраас хөгжлийн төлөвлөгөөгөө 2020 он хүртэл гаргасан бөгөөд энэ
хүрээнд “Олимп” цогцолбор, олон улсын стандартад нийцсэн усан бассейн,
хөл бөмбөгийн талбайг барихаар төлөвлөсөн байна. Мөн 900 хүүхдийн
суудалтай сургууль, цэцэрлэгтэй “Боловсрол” хотхон байгуулахаар газрыг
нь чөлөөлж эхний 50 гаруй канад хаусыг угсарч дуусчээ.
Аймгийн иргэд
газар чөлөөлөх асуудлыг хамгийн сайн ойлгосон аж. Тиймдээ ч өнгөрөгч
онд 300 гаруй айлын газрыг чөлөөлсөн нь түүхэн үйл явдал болсон ажээ.
Аймгийн ерөнхий төлөвлөгөөгөөр Сүхбаатар аймаг тойргоор хөгжиж байгаа
аж. Энэ мэт бүтээн байгуулалтын хажуугаар тус аймагт хамгийн тулгамдсан
асуудлын нэг болоод байгаа сургуулийн барилга зургаан жилийн турш
баригдахгүй “цүнхтэй” компанийн халаасанд явж байгааг Ж.Батсуурь дарга
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатад учирлаж байлаа.
Тодруулбал, зургаан
жилийн турш хөрөнгө мөнгө нэхэж суугаа энэ барилга царцаасан
барилгуудын нэгд тооцогдож одоо хүртэл баригдаагүй явжээ. Дараагийн
төсвийг нь царцаасан барилга бол 700 хүний суудалтай Спорт цогцолборын
барилга. Мөн л тав зургаан жил татварын мөнгөнөөс хомсолж урагш ахихгүй
барилга болж хувирсан байна.
Сүхбаатарчууд
саяхан орон нутгийн хамгийн том бүтээн байгуулалт болсон чанар, аюулгүй
байдлаа хангасан худалдааны төвөө нээжээ. АН-ын бүлгийн дарга
Д.Эрдэнэбат Зүүн бүсийн худалдааны төвийн нээлтэд оролцсон бөгөөд энэ
үеэр Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион
байгуулагдсан байна. Төр хувийн хэвшлийг хослуулж тун хямд зардлаар
боссон энэхүү худалдааны төв нь Дүнжингарав худалдааны төвийн
жижигрүүлсэн хувилбар аж. Газрыг нь үнэгүй өгч, аймаг орон нутгийн
төсвөөр ус дулаан, дэд бүтцийг нь дэргэд нь авч ирсэн энэхүү худалдааны
төвийн онцлог нь зүүн гурван аймгийн иргэдийн бүх хэрэгцээг нэг дороос
хангах зорилго юм.
Өөрөөр хэлбэл, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын иргэд
Нарантуул руу явахгүй, бүгдийг Баруун-Уртаас авч чадахаар болжээ.
Худалдааны төв барихад маш том үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын гишүүн
М.Зоригт юм. М.Зоригт гишүүн худалдааны төвийг нээж үг хэлэхдээ “Өнөөдөр
түүхэн өдөр болж байна. Худалдааны төвөө бид нээчихлээ. Сар шинийн
баяраа тэмдэглэх гэсэн иргэд маань дулаахан тохилог орчинд сар шинийн
бэлэг, идээ шүүсээ бэлтгэж сэтгэл өндөр байна. Мөн аймгийн бүтээн
байгуулалт, бидний хийж бүтээж байгаа ажлыг Засаг дарга маань нэгбүрчлэн
танилцууллаа. Гадна, дотны зочид, хэвлэлийнхэнд бид хийж байгаа ажлаа
танилцууллаа. Бас бэрхшээлтэй байгаа асуудлаа ч ярилаа. Бид Монгол Улсыг
зүүн Азийн орнуудтай холбох, монголын далайд гарах гарц нь болохоор
ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ жил, ирэх жил баригдах бүтээн
байгуулалтууд дандаа олон улсын стандартад нийцсэн байх болно.
Баруун-Уртаас бичигтийн боомт хүртэлх 277 км замын зураг төсвийн ажил
хийгдээд дууссан. Бид ОХУ, Азийг холбосон тэнхлэг дээр оршиж байна.
Тиймээс энэ аймагт баригдах бүтээн байгуулалтууд дандаа олон улсын
жишигт нийцнэ” хэмээн өгүүлжээ.