-Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд хэчнээн сурагч ерөнхий боловсролын сургуулийг төгсч байгаа вэ?
-2010-2011 оны хичээлийн жилд 12 дугаар ангийг 15.6 мянга, 11 дүгээр ангийг 13.5 мянга, есдүгээр ангийг 18.5 мянга, тавдугаар ангийг 18.6 мянган сурагчид төгсч байна.
-Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангиудын эрдмийн баяр удахгүй болно. Эрдмийн баяр тэмдэглэх нэрээр сурагчдаас их хэмжээний мөнгө төгрөг татаж байгаа талаар мэдээлэл байна. Сурагчдаас сургууль мөнгө авах ёстой юу?
-Зөвхөн эрдмийн баяр утгаар тэмдэглэх ёстой гэдэг үүргийг бүх ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад өгсөн байгаа. Хэрвээ энэ байдал аль нэг сургууль дээр гарч байгаа бол эцэг эхчүүд, сурагчид бидэнд мэдээлэл өгч болно. Бид зохих арга хэмжээг авах болно.
-Энэ хичээлийн жилийн сурагчдын амралт хэдийнээс эхлэх вэ?
-Бага ангийн сурагчдын хувьд энэ сарын 23-наас эхлэн амрах бол дунд, ахлах ангийн сурагчид энэ сарын 30-наас эхлэн зуны амралт эхэлнэ.
-Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид суралцах сурагчдын бэлтгэл анги өнөөдрөөс хичээллээд эхэлсэн гэх юм?
-Төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулиудын хувьд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт мэдэх ёстой мэдлэгийг олгодог болсонтой холбоотойгоор бэлтгэлд сургахаа больсон байгаа. Харин хувийн зарим сургууль бэлтгэл анги хичээллүүлээд эхэлсэн байх. Төрийн өмчийн сургуулиуд нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүдийг бүртгэх ажлаа эхлүүлсэн байгаа.
-Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангидаа шууд элсэн орно гэсэн үг үү?
-Тийм. Есдүгээр сарын нэгнээс дараа оны 3-4 сард буюу 7-8 сарын туршид цагаан толгойгоо үзэж дуусах юм. Урьд нь гурав хүрэхгүй сарын дотор цагаан толгойг бүрэн заасан байх ёстой гэсэн стандартыг мөрддөг байсан. Судлах хугацаа их байх нь сурагчдын ой тогтоолтод эерэг нөлөөлж байгаа.
-Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид суралцах хүүхдийн тоо одоогоор гараагүй байна гэж ойлгож болох уу?
-Тийм. Сургуулиудын бүртгэл дуусаагүй байна. 2010 оны статистикаар зургаан настан 17 мянга 217 байна гэсэн судалгаа байдаг. Эдгээр хүүхдийн 93-97 хувь нь сургуульд элсэн ордог. Дунджаар жилдээ 17-18 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцдаг юм.
-Эдгээр сурагчдын тухайд сурах бичгийн хангалт ямар байх бол. Сурах бичгүүд сургууль сургуулиараа өөр өөр байх юм. Энэ ямар учиртай юм бэ?
-Сурах бичгүүдийн замбараагүй байдлыг цэгцэлж нэгдсэн нэг сурах бичигтэй болгосон. Өөрөөр хэлбэл, яамнаас сонгон шалгаруулалтаар баталгаажуулан хэвлэсэн энэ хичээлийн жилийн нэгдүгээр ангид судалсан сурах бичгийг ирэх хичээлийн жилийн нэгдүгээр ангийн сурагчид хэрэглэнэ гэсэн үг. Зургаан настнуудын тухайд сурах бичиг 100 хувь үнэ төлбөргүй олгоно.