Гадаа цас будраад л. Таван жилийн тэртээд түүний сэтгэлд бударсан цас өнөөг хүртэл онгойсонгүй. Энэ цас охиныг минь алсан гэмт хэрэгтнүүд хэргээ хүлээж, нүглээ наминчилсан цагт л онгойх байх даа гэсэн харуусал. Өнчрөл, хагацал, харуусал, харууслаас төрсөн гомдол, цөхрөл. “Монголын төрд хандаагүй хүн надад үлдээгүй ээ. Ганцхан Ерөнхийлөгч л үлдсэн байсан юм. Тэгээд Ерөнхийлөгч иргэдтэй уулзах гэнэ гэсэн мэдээг сонсонгуутаа л ганц урилга олно гэж бөөн юм болсон доо. Микрофон бараадаад л. Боломжийг л ашиглаж үгээ хэлэхийг хүссэн юм. Охин үрээ хүний гарт зүй бусаар, онц хэрцгийгээр алуулсан эцэг хүний зовлонг ойлгох хүн төрийн томчуудад алга. Зовлон үзсэн хүн, зовлон үзсэн хүнээ ойлгодог гэдэг. Охиноо зэрлэгээр хөнөөлгөсөн эцэг хүн дуугүй байж чадахгүй шүү дээ хэмээн С.Шаарийбуу эрдэмтэн намуухан дуугаар хүүрнэнэ. Монголчууд үхтэл үр харам гэдэг. Үрийнхээ төлөө таван жилийн турш шаналж яваа энэ эцэгтэй уулзаж, ярилцахыг хүссэн юм.
-Ерөнхийлөгчийг иргэдтэй уулзах үеэр та гомдлоо хатуухан үгээр илэрхийлсэн. Таны сэтгэлийг харлуулсан тэр хэргээс хойш таван жил өнгөрчээ. Нэг хэсэг дэлхий дахинд багагүй дуулиан дэгдээсэн таны охинтой холбоотой хэрэг жил ирэх тусам л бүдгэрсээр байна?
-Төрийн гурван өндөрлөгтэй уулзах боломж надад тэр бүр тохиодоггүй юм. Надаас цэрвэдэг ч юм уу, ямар ч байсан намайг уриалгахан хүлээж аваад, үгийг минь сонсдог хүн ховор доо. Өнгөрсөн таван жилийн хугацаанд ах нь хөлөө эцтэл явсан. Бүхэл бүтэн таван жил өнгөрөхөд нэг ч дарга, сайд "Шаарийбуу гуай юу болж байна" гээд уулзсангүй. Охины чинь хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлж өгнө гэсэн итгэлийг нэг ч дарга надад өгөөгүй ээ. Харин ч надаас зугтаж, элдэв саам хийгээд уулзахгүй юм байна шүү дээ. Яам, тамгын газруудын хаалгыг элэгдтэл нь татаж, үүдийг нь сахисан даа. Тэглээ гээд надад ямар ч нэмэр болоогүй. Шаарийбуу гэдэг нэрийг сонсоод зарим нь надтай уулзахаас дургүйцдэг байх. Энэ нэг өвгөн юугаа хийгээд энүүгээр яваад байна гээд л уур нь хүрдэг ч байж магадгүй. Өөрсдөө ийм зовлон амсаагүй болохоор мэдрэхгүй байж болно. Гэхдээ Монгол Улсын иргэн нь гадаадад зүй бусаар амиа алдчихаад, түүнийг захиалгаар хийсэн хүн нь тодорхой байхад төр юу ч хийж чадахгүй байна гэдэг л дэндүү харамсалтай. Харийнхан биднээр тохуурхаад, доромжлоод байгааг анзаарахгүй байна гэж үү. Уг нь намайг төлөөлж миний өмнөөс төрд үгийг минь хүргэ, үзэл бодлыг минь илэрхийл гэж Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон нөхдүүдэд би саналаа өгсөн юм шүү дээ. Харамсалтай нь тэдний хэн ч надтай уулзаж байгаагүй.
-Таныг сонсох хүн олдохгүй болохоор боломжийг алдахыг хүсээгүй гэсэн үг үү. Ерөхийлөгчийн зүгээс танд ямар хариу өгсөн бэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч ард иргэдтэйгээ уулзана гэсэн мэдээг сонсонгуутаа би нэг урилга хөөцөлдөж байж, арай гэж олж авсан. Тэгээд л микрофон бараадаж сууж байгаад үгээ хэлсэн юм. Би тэнд Ерөнхийлөгчид нүүрээ харуулах гэж очоогүй. Үгээ хэлэхийг хүссэн. Гэхдээ үгээ хэлэх ч гэж дээ, хоёр гуравхан минутад багтааж санал бодлоо илэрхийлж чадахгүй нь мэдээж. Тиймээс би энэ талаар захиа бичээд ирсэн байсан. Түүнийгээ л Ерөнхийлөгчид өөрийн биеэр өгсөн юм. Мэдээж, миний захидалд хариу өгнө гэдэгт Ц.Элбэгдоржид итгэж байгаа. Арай таг болчих ухамсартай хүн биш ээ гэж би Ц.Элбэгдоржийг үнэлдэг. Ерөнхийлөгч нь өнөөдөр утаа, угаар яриад суух хэрэг байна уу гэж уулзалтын үеэр бодогдсон. Бүс нутгийн тухай ярих ёстой шүү дээ. Улсыг төлөөлж байгаа, улсын эцэг хүний хувьд над шиг үйлээ эдэлж яваа иргэнийх нь хэрэг хэрхэн шийдвэрлэгдэж буйд л хяналт тавьж байх ёстой юм. Аймаг, дүүргийн, сум орон нутаг, хотын дарга нар нь ажлаа хийсэн шиг хийчихдэг, сайд дарга нар нь чадварлаг байсан бол Ерөнхийлөгч угаар, утаатай зууралдахгүй байсан байх. Харин миний Ерөнхийлөгчид талархаж байгаа нэг явдал гэвэл Малайз улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Датук Искандар Бин Сарудиныг итгэмжлэх жуух бичиг барихад нь “Хоёр орны харилцааг сайжруулах тухай ярих олон асуудал байгаа. Гэхдээ түүнийг ярихаас өмнө манай нэг иргэний амийг зэрлэгээр хөнөөсөн тухай асуудлыг танай улс шударгаар шийдэх ёстой. Үүнийг Монгол Улс харж байгаа шүү” гэж хэлсэн байна лээ. Энэ үг надад бага ч гэсэн итгэл төрүүлсэн.
-Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэн Разак Багинда цагаадчихлаа. Энэ хүнийг цагаадахад Монголын томчууд тусалсан гэж та мэдэгдсэн?
-Охиныхоо тухай ярихаар сэтгэл өвддөг юм. Ясыг нь өндөлзүүлээд, үр хүүхдүүдийг нь сэтгэлийн шаналалд унагаад яах вэ гээд л. Тэр тухай дурсахад хүртэл хүнд шүү дээ. Үүнийг манай томчууд ойлгохгүй ээ. Тэд үр хүүхдээ онц хэрцгийгээр харийн шуналтнуудад хөнөөлгөөгүй болохоор мэдэхгүй. Нэг талаас миний хохь байх л даа. Их гүрний иргэн болж төрөөгүй нь. Гэвч миний охин орох орон оочих аягагүй, өмөөрөх эцэг эх, эх оронгүй тэнүүлчин биш. Өнгөрсөн таван жилийн хугацаанд ах нь өчнөөн их өргөдөл бичсэн. Гурван хавтас дүүрэн өргөдөл, энэ хар даа./хавтас дүүрэн өргөдөл харуулав/ Нэгэнд нь ч хариу ирээгүй. Бараг л хохь нь гэж хандаж байна. Миний охин үеийнхэн дотроо мундаг байсан. Гэр бүл амьдралаа бусдаас илүү авч явдаг, түүнийхээ төлөө өдөр шөнөгүй ажилладаг байсан. Хэр баргийн хүн олон улсын төсөл дээр ажиллахгүй шүү дээ. Орос, хятад, франц, англи гэсэн дөрвөн хэлээр ус цас шиг ярьдаг сэргэлэн охин байсан. Ердийн нэг аллага байсан бол өөр хэрэг. Бүхэл бүтэн хориотой байлдааны хэрэгсэл ашиглаад амь насыг нь хөнөөсөн энэ хэргийг гадныхан илрүүлэх гээд санаа тавиад байхад харин эх орон нь юу ч хийхгүй байгаад л харамсч байна. Р.Багиндаг цагаатгахад манай томчууд тусалсан гэдгийг би Ерөнхийлөгчид хэлсэн. Их муухай юм хийсэн байна лээ, тухайн үеийн эрх мэдэлтнүүд, дарга нар. Бодвол түүнийхээ хариуд мөнгө аваа биз. Охин маань найзууддаа хулгайчийн гар урт гэж хэлж байсан гэнэ лээ. Хаана ч байсан намайг алж магадгүй гэж ярьж байсан юм билээ. Маш том, маш их мөнгө яригдсан хууль бус наймааны гэрч гэдгээ мэдэж байсан юм шиг санагддаг. Надад бүх юмаа ярина гэж байхгүй шүү дээ. Өнөөдөр Японд явж байна л гэдэг, маргааш нь Англид оччихсон л байдаг байсан юм.
-Таны охиныг хөнөөсөн хэрэгт Малайзын ерөнхий сайд Нажиб Абдул Разак, түүний эхнэр Росма нарыг холбоотой гэгддэг. Р.Багинда, Р.Нажиб хоёр цусан төрлийн холбоотой, улс төрийн хамсаатнууд хэмээн та ярьсан удаатай?
-Миний охиныг зэрлэгээр хөнөөх маш том хууль бус хэргийг тэд үйлдсэн нь тодорхой. Усан онгоцны наймаагаар далимдуулж, их мөнгө угаасан гэсэн. Түүнийгээ Малайзын ард түмэнд мэдэгдчих вий гэж айсандаа л гэрчийг устгахыг хүссэн биз. Энэ хэрэгтэй холбоотойгоор Францын Батлан хамгаалах яам шүүхэд дуудагдсан гэнэ лээ. Францын Батлан хамгаалах яам хууль бусаар усан онгоц зарсан, энэ усан онгоц зарахад оролцсон орчуулагч монгол эмэгтэйг гэрчээр устгасан уг хэргийг шалгуулахыг француудаас санал гаргасан гэсэн. Тухайн үед Франц, Малайзын хооронд усан онгоцны наймаа өрнөсөн бөгөөд тэр наймаанд миний охин орчуулагчаар ажилласан юм. Маш их мөнгөний наймаа шүү дээ. Тэдэнд орос, англи, хятад, франц хэл мэддэг орчуулагч хэрэгтэй байсан юм билээ. Мэдээж, хашрууд юу гэж дөрвийн дөрвөн гэрчтэй үлдэхийг хүсэх вэ дээ. Тэгээд л дөрвөн хэл мэддэг нэг орчуулагчийн эрэлд гарч л дээ. Тэр нь Оросын, Францын, Малайзын орчуулагч байж болохгүй. Тэгвэл байдал бишдэнэ. Тиймээс жижиг буурай орны орчуулагчаар дамжуулж энэ ажлыг хийхээр бодолцсон биз. Миний охин Р.Багинда, Р.Нажиб хоёрын бүх муу муухайг мэдэж байсан болов уу гэж бодогддог. Р.Багинда бол Р.Нажибын улс төрийн зөвлөх нь. Хоёулаа Разак овогтой хүмүүс шүү дээ. Миний сонссоноор бол Нажибын эхнэр гэж аюултай хүн байдаг гэсэн. Р.Нажиб нь ямар ч эрх мэдэлгүй. Бүх хуйвалдаан, аллага, бүх л муу муухайг тэр авгай хийдэг гэсэн. Малайздаа Р.Багинда, Р.Нажиб, түүний эхнэр Росма гурав шиг нэр муутай хүн байхгүй. Иргэд нь авгай л гэж дууддаг юм билээ. Хүмүүсийн яриагаар шулмас шиг авгай л байдаг гэсэн шүү. Лалынхан ер нь хамгийн адгийн шаарууд байхгүй юу.
-Та лалынханд яснаасаа дургүй бололтой. Ингэж хэлэхээр танд ямар нэгэн заналхийлэл ирнэ гэхээс айхгүй байна уу?
-Тэд намайг яах юм. Надаар оролдоод залуусын хэлдгээр ёстой “амжихгүй” л байхгүй юу. Нэг л их аллах тэнгэр, өргөл залбирал болсон хүмүүс. Үхсэн хойноо, тэгээд лалынхаа шашны хамгийн том баярын өдрөөр хүн алахдаа юман чинээ боддоггүй хүмүүс шүү дээ. Миний охиныг лалынхаа хамгийн том баярын өдрөөр хөнөөсөн. Энэ өдөр нь хүн алах нь битгий хэл ялаа үргээх ч ёсгүй байдаг юм билээ. Хүмүүсийн баяр, ёслолын өдрийг далимдуулсан гэхээр эртнээс миний охиныг хөнөөхөөр тооцоолсон байгаа биз. Охин маань үүнийгээ мэдэж байсан бололтой. Хамгийн сүүлд Багиндатай уулзахаар явахдаа машин дотор нэлээд удаан бодлогоширч суусан гэсэн. Юу ч ярихгүй нэлээд сууж байснаа найздаа хүүхдүүдийг минь сайн хүн болгоорой гэж ээжид маань хэлээрэй гээд хаалгаа хаагаад эргэж харалгүй явсан гэсэн. Тэгэхээр миний муу охин эргэж ирэхгүйгээ мэдэж байсан юм болов уу даа.
Хаана л муу муухай хэрэг гарна, түүнд лалынхан л хутгалдчихсан байдаг биз дээ. Охиноо алдсаныхаа дараахан Монголын лалын үндэстний тэргүүнтэй уулзсан. УИХ-ын гишүүн асан К.Сайраан толгойлдог байсан юм. Хэргийг үнэн зөвөөр шийдэхэд тусална гээд л байсан, хаа байна. Хэрвээ охин минь Оросын, эсвэл Хятадын иргэн байсан бол хэргийг дор нь шийдэх байсан болов уу гэж бодогддог. Их гүрний иргэн гэдэг чинь өөр шүү дээ. Монголд Малайзын иргэн ийм хэргээр алуулсан бол Баян-Өлгийнхөн бараг бослого гаргах байлгүй. Монголыг жижигхэн гэж муусайн лалууд дээрэлхэж байгаа юм.
-Охины чинь Малайзад ирсэн цагаас л дагаж, мөрдөж байсан гэдэг?
-Харин тийм. Хаана л явна, тэнд нь хар шил зүүсэн нөхөр дагаад явдаг байсан юм гэсэн. Буудалд нь хүртэл хоноод л. Миний охин алуулахаасаа гурван хоногийн өмнө цагдаагийн газар нь очиж, намайг хамгаалалтдаа аваач, алах гээд байна гэж хүсэлт гаргасан байсан. Нөгөө дуракууд нь ингэж л байдаг юм гээд тоохгүй орхихгүй юу. Эсвэл нөгөө Р.Нажиб нь дээрээс нь үүрэг өгсөн биз. Алдсан хүн арван тамтай, авсан хүн нэг тамтай гэдэг шүү дээ. Өнгөрсөн таван жилийн дотор юу эсийг бодох билээ дээ. Миний охиныг Р.Багиндагийн хувийн мөрдөгч, энэтхэг нөхөр л дагаад байсан юм билээ. Энэ хэрэг болсны дараа Р.Нажибын эхнэр Р.Багиндагийн хувийн мөрдөгчид их хэмжээний мөнгө өгөөд, эх орноо үүрд орхихыг тулган шаардсан гэсэн. Нөгөө нөхөртэй нь би Тайландын сэтгүүлчээр дамжуулан Энэтхэгт амьдарч байхад нь холбогдсон юм. Тэгсэн энэ бүгдийг яриад буцаж Малайзад очвол алуулах байх гээд сууж байсан гэнэ лээ.
-Охиныг чинь ОХУ-ын тагнуул гэж малайзууд мэдэгдэж байснаа гэнэт чимээгүй болчихсон?
-Харин тэгсэн. Ш.Алтантуяа Оросын тагнуул байсан, бүх нууцыг оросуудад задалсан гээд хэвлэлээрээ шуугиад л. Энэ яриа гарангуут Малайзад суугаа Оросын Элчин сайд нь тэгж ярих юм бол танай Нажиб, түүний эхнэр, орчуулагч монгол бүсгүй гурав юу хийж явсан тухай бичлэг чинь бий шүү гэсэн юм билээ. Тэр үгнээс болоод нөгөө лалууд чинь “гөлөг” болохгүй хаачих билээ. Тэгээд л тэр яриа намжсан байх. Манай тагнуулынхан чинь ажлаа ерөөсөө мэддэггүй юм билээ шүү дээ. Оросуудаас энэ талаар асуугаад өгөөч гэсэн хүсэлт тавьсан, одоо хүртэл ямар ч чимээгүй.
-Гадаадын хүний эрхийн байгууллагынхантай хэр холбоотой байна. Энэ хэргийг үнэн шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө тэмцсэн Малайзын хүний эрхийн ажилтнууд, сэтгүүлчдийг шоронд хориод авсан шүү дээ?
-Францын нэг сэтгүүлч нийтлэл бичсэн байна лээ. Монгол хүнээр оролдож болдоггүй юм, дэлхий мэднэ, ширэнгийн сармагчингууд аа гэж. Үнэхээр эх орон гэж байдаг бол иргэнийхээ төлөө зүтгээд Монгол хүнээр оролдож болдоггүй юм гэдгийг ширэнгийн сармагчингуудад мэдрүүлэх хэрэгтэй байна. Миний охиныг хэн захиалж, хэн алсныг долоохон хоногийн дотор илрүүлсэн л дээ. Цагдаагийнхан Разак Багиндаа холбогдсон гэдгийг сонсоод маш шуурхай хэргийг илрүүлсэн юм билээ. Тухайн үед Малзайзын Онц хүнд хэрэгтэй тэмцэх газрын даргаар хятад хүн ажиллаж байсан гэсэн.
-Иргэн нь байж улс нь байдаг, улс нь байж төр нь байдаг, төр нь байж нам нь байдаг. Гэтэл Монголын эрх баригчид иргэнийхээ төлөө биш намынхаа төлөө ажиллаж байна гэж та гомдолтой байсан шүү дээ?
-Үнэхээр иргэн нь байж улс нь байдаг, улс нь байж төр нь байдаг, төр нь байж нам нь байдаг юм. Би МАН-ын гишүүн. Нам нь гишүүнийхээ зовлонг сонсч, болохгүйгээс нь болгохын төлөө зүтгэх ёстой шүү дээ. Гэтэл манай энхрий хайрт намын удирдлагуудад жирийн гишүүний зовлонгоос нь намын хэрэг нь чухал болжээ. Сонгуулиар л гишүүдтэй гэдгээ мэддэг, тэгээд мартчихдаг манай намын нөхдүүд надтай уулзахыг ч хүсдэггүй. Хэрвээ би хөдөөний малчин байсан бол өдийд миний охин Малайзад яаж, тамлагдаж алуулсныг хэн ч мэдэхгүй л өнгөрөх байсан байх гэж боддог.
-Тэр хэрэг хэзээ нэгэн цагт шударгаар шийдэгдэх байлгүй дээ. Гэмт хэрэг хийсэн хүнийг бусад нь биш юм аа гэхэд бурхан цээрлэнэ гэдэг биз дээ?
-Ямар ч байсан үхэн үхтлээ л би охиныг минь алсан хэрэгтнүүдийг яллуулахын төлөө хөөцөлдөх болно. Тэр хэргийг бүдгэрүүлэхгүйн төлөө, Нажиб, Багинда хоёрын сэтгэлийг амраахгүйн төлөө би байгаа шүү, эцэг нь бий шүү гэдгээ л мэдрүүлэх болно.