Хөшигтийн хөндийн буудал 2015 онд ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Хөшигтийн хөндийн буудал 2015 онд ашиглалтад орно

Нисэх онгоцны “супер” буудалтай болно хэмээн монголчууд цөөнгүй жил ярьсан. Орчин үеийн стандартад тохирсон,  иргэ­дийн ташаалд нийцсэн уг нисэх онгоцны буу­д­ал Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшиг­тийн хөндийд сүндэрлэх юм. Монголын үн­дэс­ний худалдаа, аж үйлдвэрийн танхимд өчиг­дөр нисэх онгоцны шинэ буудлын талаар хэлэл­цүүлэг өрнөсөн юм. “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр 2006 оноос бэлтгэсэн бөгөөд  уг нисэх буудлын зураг төслийн ажлыг Японы “Азуса Секкей”, “Ориентал консалтантс” компаниуд боловсруулжээ.  Дээрх компаниудын боловсруулсан зураг төслийн хүрээнд барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар бэлтгэж байгаа юм байна. Мэргэжилтнүүдийн хэлс­нээр  зам зуурт нь элдэв саад бэрхшээл гар­чих­гүйгээр тооцсон тохиолдолд нисэх буудлыг барих ажлыг 2012 оноос эхэлж, 2015 онд ашиг­лалтанд оруулах бололтой. Хөшигтийн хөн­дийд орчин үеийн нисэх онгоцны буудал сүн­дэрлэс­нээр нислэгийн аюулгүй ажиллагааны хан­галтыг дээшлүүлэх, агаарын тээвэрлэлтийг тогт­воржуулахаас гадна агаарын тээврийн салбарын эдийн засгийн өсөлт, хөгжилтөд тодорхой хувь нэмэр оруулах юм.  Тухайлбал, цаг агаарын тааламжгүй байдал, салхины чиглэлээс шалтгаалах нислэгийн саатлыг одоогийн байдлаар 2.3 хувь байгааг 0.5 хувь болгон бууруулах ингэснээр 1000 нислэгт  тавхан саатал гарна хэмээн тооцоолжээ.

Нисэх буудал барьснаар Хөшигтийн хөндийд босох нэмэлт үйлчилгээний газруудын дэд бүтцийн асуудал гарах нь дамжиггүй. Тиймээс  нисэх онгоцны буудалтай уялдуулан барих зорчигчдын үйлчилгээний болон техник, технологийн барилга байгууламжуудийн дулаан хангамжийн эх үүсвэр, бохир ус цэвэрлэх байгууламж, цэвэр усны хан­галтыг бие даасан байдлаар шийдвэрлэж байгаль орчинд эерэг нөлөө бүхий орчин үеийн өндөр технологийг ашиглах гэнэ. Хотоос зайдуухан босгохоор төлөвлөсөн нисэх онгоцны шинэ буудал барих төсөлд 28 тэрбум 807 сая япон иенийг зарцуулах ажээ.

Зээлийг эдийн засгийн хамтын ажиллагааны тусгай нөхцөлийн дагуу 40 жилийн хугацаатай олгосон бөгөөд үүнээс эхний арван жилд нь зээлийн төлбөрөөс чөлөөлөх, зээлийн хүүгийн хувьд жилийн 0,2 хувь, зөвлөх үйлчилгээнд зарцуулах хөрөнгийн зээлийн хүү 0,01 хувь байхаар  хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд тусгасан байна.

Түүнчлэн Улаанбаатар хотоос Хөшигтийн хөндийн нисэх буудал барих газарт 110/10 кв-ын цахилгаан дамжуулах шугам татах, дэд станцыг байгуулах агаад “Чингис хаан” нисэх онгоцны буудал цагт 500 зорчигчид үйлчилдэг бол шинэ буудал нь эхний ээлжинд цагт 1200 зорчигчид үйлчлэх бололтой. Харин өргөтгөлийн дараагаар  цагт 2400-2500, жилд хоёр сая гаруй хүнд үйлчлэх хүчин чадалтай байх ажээ. Нисэх онгоцны шинэ буудлыг дагаж дагуул хот сүндэрлэх бололтой. Дагуул хотыг 2030 он гэхэд барьж дуусгахаар төлөвлөөд байгаа гэнэ.  Хөшигтийн хөндийд сүндэрлэх орчин үеийн да­гуул хотыг барихад нийт 3,2 триллион ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байна.  Дагуул хотод ойролцоогоор 200 мянга гаруй хүн ам аж төрнө гэсэн урьдчилсан “онош”-ийг ч хэдийнээ тавьчихаж.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж