Сайд Л.Болд Литва улсад айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Сайд Л.Болд Литва улсад айлчиллаа

Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 28-нд Бүгд Найрамдах Литва Улсад албан ёсны айлчлал хийлээ.

Айлчлалын үеэр сайд Л.Болд Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкевичустэй албан ёсны хэлэлцээ хийж улс төрийн идэвхтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, боловсрол, соёлын харилцааг идэвхжүүлэх, хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зэрэг хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.

Мөн Европын Холбоо, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтран ажиллах талаар тохиролцсоны зэрэгцээ олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Тухайлбал Европын Холбоог өнгөрсөн онд тэргүүлсэн орны хувьд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллахыг сайд Л.Болд Литвийн талд хүсэлт болгосон бөгөөд айлын тал бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Түүнчлэн Литва Улс 2014 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тэргүүлж байгаа бөгөөд Монгол Улсын нэрээ дэвшүүлээд буй Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны, Аюулгүй зөвлөлийн 2022 оны сонгуулиудад идэвхтэй дэмжихээ нотоллоо.       

Гадаад харилцааны сайд Л.Болд Литва Улсын Сейм (Парламент)-гийн Тэргүүн дэд дарга Выдас Гедвилас, Литвийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Алминас Мачиулис, Эдийн засгийн дэд сайд Кештутис Тречиокас нартай тус тус уулзав. Тэрээр Сеймийн даргатай уулзахдаа хоёр орны хууль тогтоох дээд байгууллага хоородын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцож, Монгол Улс, Европын Холбооны хооронд байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоход гишүүн орны хувьд дотоодын процедураа шуурхайлахыг хүсэлт болголоо.

Уулзалтуудын үеэр Литвийн тал бизнес, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа онцлон тэмдэглэж байв. Тиймээс ч айлчлалын үеэр Литвийн Бизнесийн холбооноос Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинг танилцуулах арга хэмжээг зохион байгуулсанд сайд Л.Болд оролцож тус улсын тэргүүлэх салбарын 30 гаруй компанийн төлөөлөгчтэй уулзав. Энэ үеэр Литвийн компаниуд Монголын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа идэвхтэй илэрхийлж, хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг санал болгосон бөгөөд тэд мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, эрүүл мэнд зэрэг салбаруудыг онцлон сонирхож байв.

Монгол Улс Литвийн хувьд Зүүн Хойд Азид гарах, Литва манай орны хувьд Хойд Европт хүрэх гарц байж болохыг талууд тэмдэглэж байв. Ялангуяа өвөл хөлддөггүй Литвийн Клайпеда боомтыг ашиглан Хойд Европт Монголын бараа бүтээгдэхүүнийг хүргэх  бүрэн боломжтойг айлын тал онцлов. Литва улс нь мөн манай улстай адил төмөр замын өргөн царигийн стандарттай бөгөөд транзит тээврийн төв болох зорилт дэвшүүлээд байгаа юм.  

Энэхүү айлчлал нь Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд тус улсад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болов. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсаас Литва Улсад суугаа Элчин сайд А.Ганбаатар нар оролцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын хооронд 1991 оны 12 дугаар сарын 11-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2003 онд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд Литва Улсад тус тус айлчилж байсан. Хоёр орон сүүлийн жилүүдэд НҮБ, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн юм.

Зураг 1: Гадаад харилцааны сайд Л.Болд Литвийн Гадаад хэргийн сайд Линас Линкевичусийн хамт

Зураг 2: Гадаад харилцааны сайд Л.Болд Литва Улсын Сейм (Парламент)-гийн Тэргүүн дэд дарга Выдас Гедвиласийн хамт

Эх сурвалж: www.mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж