Шоунаас тодорсон одод хаачив?

Хуучирсан мэдээ: 2014.01.29-нд нийтлэгдсэн

Шоунаас тодорсон одод хаачив?

Тайз руу алхаж явна….тайзны гэрэл нүд гялбуулан тусч гэрлийн тусгалд харагдахгүй олон хүн миний л дуулахыг сонсох гэж алга ташина. Нэрээр минь дуудан шуугилдах шуугианаар бүх л амьдралаараа энэ зүйлийг хүсч байснаа мэдрэх мөч…

Энэ зүйлийг мөрөөдсөн залуус жил бүр “Universe best songs” шоуны хаалгыг зорин, хэр баргийн хүмүүсийн давахгүй давааг  давахаар алхаж ордог. Тэнд олон хүн шуугилдахгүй дөрвөн хүн оролцогч залуусын амьдралыг өөрчлөхөөр заларч өөрсдийнхөө ширүүн, хатуу  эсвэл зөгийн бал шиг нялуун үгсийг хэлэхээр сууцгаадаг. Хэдийгээр салганан чичирч байсан ч хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэхээр тэд шийджээ.

Шат бүхэнд тэнцэх гэж хөлсөө дуслуулан, зарим нь хасагдаж сэтгэлийн гүнээс урсах нулимсаа барьж чадалгүй тэсгэл алдан том том дуслуулан гүйн оддог. Зарим нэг нь ийнхүү шоуны төгсгөлийг хийж байхад зарим нь мөрөөдсөөр урагш нэг алхана.

“Universe best songs” наадмыг анх зохион байгуулахад 300 оролцогчтой байсан өдгөө 600-800 залуучууд оролцдог болжээ. Хэдийгээр оролцох хүсэлтэй залуусын тоо нэмэгдсээр байгаа ч тэдний 25 нь л тунаж үлддэг. Тэгвэл хүний тоо нэмэгдэж оролцогчид хөгжихийн хэрээр шоуны чанар, нэр хүнд нь өсөө болов уу…

Маш их хөдөлмөрийн үр дүнд шилдэг 25 хэмээх эрхэм цол гуншингаа дуудуулан үлдсэн оддын тоо зуу гарчээ. Харин үлдсэн 775-575 хүүхэд мөрөө унжуулан гутлаа чирсээр хэдийнээ алга болсон. Шилдгүүд хэсэг зуур олон төрлийн хөтөлбөрт оролцон кинонд тоглож,  дээр үеийн оддын дууг өөрчилж дуулахыг хичээнэ. Гэвч намар болоход тэд аль хэдийнэ мартагдаж оролцогчдын хэн байсныг ч санахад төвөгтэй.

Зургаан жил дарааллан сонгон шалгаруулалтаар тодорсон оддын тоо 150-д дөхсөн гэнэ.  Гэтэл эдгээр 150 оддын хэдийг нь та таних вэ. Тэдний хэд нь уран бүтээлийнхээ замналаар алхаж байгаа юм бол. Гарын арван хуруунд ч тоологдохгүй цөөхөн. Тэд од болж гялалзсан уу, эсвэл хэсэг хугацаанд хэн нэгнийг зугаацуулах гар чийдэн болоод өнгөрөв үү.

“Universe best songs” наадмаас гарсан уран бүтээлчид тоглолт хийлээ. Энэ шоуны дуучид CD гаргалаа. Гэвч уран бүтээлчдэд хийсэн зүйлийнхээ ашгийг хүртэх хувь тохиосон нь ховор. “Universe best songs”-ын дуучдыг Л.Балхжав шагналаа гэж би лав сонссонгүй. Ядаж “Балхаа ах намайг дуулсан гэж хэдэн төгрөг өглөө” гэсэн нэг ч залуу уран бүтээлч хэлж байсныг би лав сонссонгүй.

Аз болж энэ жил тус наадмын төгсгөл гэж сонслоо. Гаргаж ирсэн 150 оддоо ханалаа гэж буй мэт. Нэг бодлын ашгүй ахиж олон хүүхэд уйлахгүй, ахиж олон од нэг дор бөөнөөрөө төрөхгүй. Ахиж нэг хүн жил бүр цусаа сэлбэж шинэ 25 залуучуудаар мөнгө олохгүй.

Ямартай ч ард түмэн биднийгээ мялаан баясгаж байдаг 150 залуусдаа баярлалаа хэсэг хугацаанд та нараар хөөрхөн зугаацаад өнгөрдөг шүү. Гэхдээ дэлгэцээр биш өөр газар та нартай уулзвал хэр баргийн хүн та нарыг танихгүй л болов уу. Түүнд бүү гомдоорой л гэж захия даа.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж