Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг улираана

Хуучирсан мэдээ: 2011.05.05-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг улираана

УИХ-ын Хууль зүйн байнгын хо­рооны хуралдаан өчигдөр болж, Үнд­сэн хуулийн цэцэд нэр дэвшигч­дийг авч хэлэлцлээ. Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн зүгээс Үнд­сэн хуулийн цэцэд Н.Жанцан, Д.Наран­чимэг нарыг нэр дэвшүүлсэн бол Улсын дээд шүүхээс Ж.Амарсанааг санал болгосон юм. Нэр дэвшигчдийн хувьд гурвуулаа Үндсэн хуулийн цэцийн гишүүн боловч, бүрэн эрхийн хугацаа нь дуусчээ. Өөрөөр хэлбэл, тэднийг улираан томилохоор УИХ-д санал болгоод буй нь энэ юм.

Байнгын хорооны хуралдаанд оролц­­сон гишүүдээс УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нэр дэвшигчдэд хандан Монгол Улсын Үндсэн хуулийг боловс­ронгуй болгох шаардлагатай болсон гэж үздэг үү, аль эсвэл шаардлагагүй юу гэсэн асуулт тавьж,  хариулт өгөхийг хүсэв. 
 
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа: -Монгол Улсын тулг­уур хууль уян хатан, тогтвортой байх ёстой. Мөн нийгмийн харилцааг дагаад өөрчлөгдөх ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт, тодотгол хийх шаардлагатай болсон нь ажиглагддаг.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Наранчимэг: -Монгол Улсын Үндсэн хуульд цаг хугацаатай нь уялдуулан шаардлагатай өөрчлөлтийг хийж бол­но. Үнэхээр өнөөдөр өөрчлөхөөс аргагүй тулгамдсан асуудал болсон уу гэдэгт яг одоо тодорхой хариулт өгөх бололцоогүй, бодох асуулт.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан: -Өмнө нь би Улсын бага хурлын гишүүн байхдаа Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад оролцож байсан. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг олон талаас нь маш оновчтой хийх ёстой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг УИХ-ын намрын чуулганаар баталсан нь маш чухал алхам болсон гэж үздэг. Уг журмын тухай хуульд заасан бүх заалтыг хангаж байгаа тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно гэсэн хариултыг тус бүр өглөө.

Санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүн гурван нэр дэвшигчийг Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшүүлснийг гар өргөн дэмжиж, энэ асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, тогтов.

Нэг зүйлийг онцолход УИХ-аас өнгөрсөн өвөл Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Улсын ерөнхий прокурорын дарга асан М.Алтанхуягийг санал болгосон ч, Ардчилсан намын бүлгээс “Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон бусад гишүүдтэй цуг  нэр дэвшигчийг оруулж ирсэн цагт асуудлыг авч хэлэлцэнэ” гэсэн байр суурь баримталж байв. Гэвч өчигдрийн байнгын хорооны хуралдаанд дээрх гурван нэр дэвшигчтэй цуг М.Алтанхуягийг оруулж ирээгүй нь, УИХ-ын даргын зүгээс нэр дэвшигчээ солихоор шийдэв үү, эсвэл дараагийн ээлжинд оруулж ирэхээр болж, энэ удаад авч үлдэв үү гэсэн асуултын тэмдгийг хэвлэлийнхний дунд “цацаж” орхилоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж