Монголын Энх тайван найрамдлын байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав өчигдөр Энх тайван, найрамдлын ордонд ОХУ-аас Дархан-Уул аймагт суугаа Ерөнхий консул Иван Сергеевич Мостыкаг хүлээн авч уулзаж, Монголын энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны шагнал “Найрамдал” медаль гардуулав. Шагнал гардуулах үеэр ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин-Зөвлөх И.С.Мостыка “Би Монгол Улсад таван удаагийн томилолтоор 30 шахам жил ажиллаж байна. ЗХУ, ОХУ-ын ЭСЯ-нд, 3, 2, 1-дүгээр нарийн бичгийн дарга, Консулын газрын дарга, элчин-зөвлөх, ерөнхий консул гээд дипломат олон албыг хашлаа. Монгол Улсын их өрийн асуудлыг зохицуулах, хоёр орны найрсаг харилцааг бүхий л шатанд хөгжүүлэн бэхжүүлэх, төрийн дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулах зэрэг бүхий л асуудлуудыг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож байлаа” хэмээгээд сайн сайхныг хүсэн ерөөв. Харин тус байгууллагын Ерөнхийлөгч Д. Загджав түүнийг хоёр улсын хоорондын харилцааг сайжруулахад өндөр хувь нэмэр оруулсныг нь үнэлэн шагнаж байгаагаа дуулгав. И.С.Мостыка хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж шагнаж буйд талархаж байгаагаа илэрхийлээд, Монгол-Оросын найрсаг харилцаа, найрамдал, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд урьдын адил хичээн зүтгэх болно гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин