Би түүний дуртай дуунд дурладаг. “Надад жигүүр хайрласан бурханд баярлалаа. Энэ далавчаа би хэнд ч өгөхгүй”. Дуугаа сонсохдоо эрхий, долоовор хуруугаа гаргаад бусад хуруугаа нугалан зангаад толгойгоо савладаг. Тэр бол илэрхийлэмж, би бол мэдрэмж.
Тэр найтаахад хамар, ам нь хавсралдаад, нүд зовхи нь атираатахад тэр амаа арчингаа өө бурхан минь гэж амьсгаа нь тасалдах зуур уулга алддаг. Бурхангүй үзэлтэй тэр ингэхдээ бурханаас амьсгал гуйж байгаа аятай эсрэг, тэсрэг. Тэр бүсгүй салхитайд их далийж явдаг юм. Далийж салхи сөрөөд үсний хуваалтаа салхины шугамтай тэнцүүлдэг. Тэр бүсгүй зураг авахуулахдаа ямар үзэсгэлэнтэй гээч. Хамаг оюун бодол нь над дээр төвлөрөөд, уруулаа бага зэрэг чангалаад, хөмсөгнийх нь цаанаас нар ургах мэт тогтоцтой нүд нь өөдөөс минь ширтэхэд дотор минь гал авалцаж, түймрийн утаа чих, хамраас савсдаг.
Тэр намайг одоо харж байна. Үсийг минь илбээч, хацран дээгүүр минь хуруугаа гулсуулаач. Толинд хартал би өөрөө байлаа.