Ц.Мөнхбаярын асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаярын асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэв

Анхан шатны шүүхээс 22 жилийн хорих ял сонсоод буй “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүсийн шүүхийн дүгнэлтийг эргэн харж, өршөөл үзүүлэхийг хүссэн иргэдийн гарын үсэг бүхий бичгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлэхээр болжээ. Одоогоор гарын үсэг цуглуулж байгаа аж. Ерөнхийлөгчид хандахаар бэлтгэж буй иргэдийн төлөөлөл өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Архангай, Хэнтий, Сүхбаатар аймгийн төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр хэвлэлийн хуралд оролцсон Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн Э.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Ц.Мөнхбаяр нарын хүмүүст оноосон ялын талаар олон төрийн бус байгууллага үзэл бодлоо илэрхийлж байна. Харин та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгчид хандахаар болсон гэлээ. Яг ямар үндэслэлээр хандах гэж байгаа вэ?

-Урт нэртэй гэгддэг энэ хууль батлагдсанаар ямар амжилтад хүрснийг тоо баримтаар дурдъя. Усны тоо бүртгэлээс харвал 2003 онд 713 гол горхи ширгэсэн. Харин 2007 онд 871 гол ширгэж, үзүүлэлт нэмэгдсэн бол хууль батлагдсаны дараа буюу 2011 онд 551 болж цөөрсөн байдаг. 2003 онд 780, 2007 онд 1163 нуур ширгэж тоо нэмэгдэж байсан бол 2011 онд 483 болтлоо буурсан байдаг.

Улсын хэмжээнд 4000 гаруй ашигт малтмалын лиценз олгогдож, тэр хэрээр Монгол Улс гадаадын компаниудад барьцаалагдсан байсан. Тэгвэл урт нэртэй хууль батлагдсанаар 1782 тусгай зөвшөөрөл цуцлагдаж, Монгол Улсын газар нутгийн 40 орчим хувь нь хамгаалалтад орж, барьцаанаас гарсан юм. Урт нэртэй хуулийг Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс олон жил зүтгэж байж батлуулсан юм. 

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ц.Мөнхбаярын талаар маш таагүй мэдээллүүд хөвөрч байна. “Гал үндэстэн” холбооны нэрээр уул уурхайн компаниудыг шантаажилдаг байсан мэтээр бичих боллоо. Энэ бол худлаа мэдээлэл юм. “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр газар, нутгаа хойч үедээ бүрэн бүтнээр үлдээхийн төлөө зүтгэж явсан хүмүүсийн нэг. Магадгүй хамгийн шилдэг нь байх. Урттай нэртэй гэх хуулийг батлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хүн. Энэ хуулийг баталснаар бид маш олон ой модоо, булаг шандаа хамгаалах байсан. Гэтэл үе, үеийн Засгийн газар хэрэгжүүлээгүй. Энэ хууль батлагдсанаар хэний хамаатан садан, хэний хүүхэд хоосон хонох байсныг мэдэхгүй юм. Гэхдээ баталсан хуулийг хэрэгжүүлэх ёстой байгууллагууд ажиллахгүй байна. Үүнийг хэрэгжүүлэхийг шаардаж, Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс залхтлаа явсан байхгүй юу.

-Гэвч хүмүүс буу, галт зэвсэг барьсныг эсэргүүцэж байна. Энэ тал дээр та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ бол ямар ч хохирогчгүй хэрэг. Гэтэл төрийн албанаас олон тэрбум “хулгайлсан” хүмүүс хоёр жил гаруй хугацааны ял авч байна. Ард түмний мөнгөнөөс хулгайлсан хүмүүс шоронд бус эмнэлэгт хэвтэж байгаад л гарч байна шүү дээ. Тэгтэл эх орныхоо газар шороог хамгаалсан иргэд онц хэрцгийгээр хүний амь бүрэлгэсэн хүнээс их ял авч байна.

Ц.Мөнхбаяр муу хүн биш ээ. Эх орноо, байгаль дэлхийгээ хамгаалсныхаа төлөө Олон улсын том шагнал хүртэж явсан нэгэн. Ц.Мөнхбаяр 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын Goldman Environmental Prize хэмээх шагналыг 150 мянган ам.долларын хамтаар хүртэж байсан. Үүгээрээ өөртөө гурван өрөө байр худалдан авсан байдаг. “Гал үндэстэн” холбоо Монгол орон даяараа үйл ажиллагаа явуулахын тулд гурван өрөө байраа зарж, нэг өрөө болгосон. Мөнгөөр нь бидний үр хүүхдэд нутаг усыг нь бүтнээр үлдээхийг зорьсон хэрэг. Үүний дараа нэг өрөө байраа хүртэл зараад нутаг усаа хамгаалах үйлст зориулсан. Ц.Мөнхбаярыг олон гол горхийг ширгэхээс аварч, лиценз нэрээр худалдагдсан эх орноо буцаан авч байхад монголчууд юу хийж байсан юм. Үнэндээ бол Монголын ирээдүй болсон зарим залуус бааранд архидаж, буудалд биеэ үнэлж байсан юм. Зарим нэг нь ганцхан амьдраад үхэх юм шиг сэтгэж, нүдэн балай, чихэн дүлий явсан шүү дээ. Энэ эх оронд чинь бидний үр удам, үндэс угсаа үеийн үед амьдарна. Монгол гэдэг ард түмэн тусгаар тогтнон оршино. Тусгаар тогтнол чинь юугаар баталгаажих юм. Эх орон, яс үндэс шүү дээ. Үүнийг ойлгохгүй хэнхэг, үндсэрхэг үзэлтэн, дээрэмчин мэтээр Ц.Мөнхбаяр нарыг ярьж болохгүй, бид.

-Ц.Мөнхбаяр 2007 онд Дэлхийн байгаль хамгаалагчдын “Goldman Environmental Prize” хэмээх шагналыг хүртэж байсан гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй яриач.

-Дэлхийн байгаль хамгаалагчдын нэр хүндтэй шагнал “Goldman prize” шагналыг Ц.Мөнхбаяр хүртсэн. Мөн 2007 онд “National Geographic” сэтгүүл 2007 оны ундны усыг хамгаалагч дэлхийн хүнээр шалгаруулж байсан юм. Түүний хийсэн бүтээсэн зүйл маш их. Ямартаа ч төрийн албаныхан авлига авч, ард түмнээсээ хулгай хийгээгүй хүн. Олон жилийн турш зүтгэж байж батлуулсан хууль нь хэрэгжихгүй байгаад л аргаа барсан хүн.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж