Ангийн буугаа аппаратаар сольё

Хуучирсан мэдээ: 2014.01.28-нд нийтлэгдсэн

Ангийн буугаа аппаратаар сольё

Хүн төрөлхтнийг өмнөө сөхрүүлж, “сэтгэлийг нь эзэмдсэн хойно бие нь хаа холдох вэ” гэх гүн ухаанаар дэлхийг удирдаж явсан бидний өвөг дээдэс малчид, анчид байснаас алуурчид байсангүй. Ан авд мордсон ч хайрлах, хүлцэхүйн уужуу ухаанаар учиртай хандаж байсан тухай амнаас ам дамжсан олон арван домог бий. Түүний бодит жишээ нь Нууц товчоо. Тэмүүжин Бөртэ хатнаа, ард иргэдээ алдаад хамгийн үнэтэй гэсэн булган дахаа бэлэг болгон Тоорил хаанд барьж, тусламж хүссэн жишээг энд дурдаж болно. Үүнд ихэд баярлан Тоорил хаан,

Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсыг чинь хамтатгаж өгсү
Булган дахын чинь хариуд
Бутарсан улсыг чинь бүрдүүлж өгсү
Бөөр нь бөгсөнд
Цэр нь цээжинд атугай…
хэмээсэн байдгийг бид мэднэ. Эндээс үзвэл бид анчин, малчин, нүүдэлчдэд монголчуудад ангийн арьс ямар үнэ цэнэтэй хэрнээ ховор байсныг харж болох мэт.

Сая сая амиар үнэлэгдэх гоёо

Харин өдгөө Монголд булган дээл өмсч, бугын арьсан гутал жийгээгүй бол хүн биш юм шиг хандах болжээ. Гэтэл Барселон хотын төв талбайд он гарахаас өмнөхөн цусанд будагдсан 20 гаруй нүцгэн эмэгтэй, хасах 10 хэмийн хүйтнийг ч ажралгүй гурван цагийн турш цементэн дээр чимээгүй хэвтэв. Тэд үслэг эдлэлээр гангарах дуртай хүмүүст зориулан хэдэн сая амьтдыг тамлан алдаг явдлыг эсэргүүцсэн чимээгүй хэрнээ хамгийн аймшигт жагсаал хийсэн нь тэр. Дунджаар нэг дээлийг хийхийн тулд 50-100 булгыг амьдаар нь арьсыг нь өвчдөг гэсэн тооцоо бий. Хамгийн үнэтэй сорлог арьстай өхөөрдөм шиншилла бол түүнээс ч их, нэг шуба хийхэд л багадаа 100-150 ширхэг арьс ордог. Тиймээс ч дэлхийн одод түүгээр гангарах дуртай. Харин үүнээсээ болоод олон нийтийн дунд рейтинг нь навс унасан жишээг бид Мадоннагийн үйлдлээс харж болно. Дэлхий хулгайн анчид, арьсаар шуба үйлдвэрлэгчдийн эсрэг хүчтэй дуугарч байна. Харин манайд бол эсрэг тогтолцоо үйлчилж, хэвлэл, телевизээр хэний эхнэр хэрхэн гангарсан тухай амаа олохгүй магтаж байна. Сүүлдээ байгаад өмд сольж байгаа мэт булган шубаа өнгө, ёозоор нь өөр өөрийг өмсч уралддаг болсон. Дэлхийд жилдээ таван сая булгын арьсыг өвчин дээл хийж байгаагийн хэдийг нь монголчуудад зүүлгэснийг тооцох аргагүй ч хүн амынх нь тоонд хувилбал дээгүүр дүүлнэ үү гэхээс хойшоо жагсахгүй билээ.

Хууль баталдаг “хулгайн анчид”

Энэ эгнээнийхэнд ядарсан, өнөө маргаашийн хоолоо яая даа гэсэн нэг ч этгээд үгүйг дурдахад таатай байна. Харин ч эсрэгээрээ урдаа барьдаг баячууд, бахархал болсон бөхчүүд, улстөрчдөөс өнөө цагийн нүгэлт хар гөрөөчдийн эгнээ бүрдэнэ. УИХ-ын гишүүн Г.Батхүү л гэхэд улаан номонд орсон хүрэн баавгай, зэрлэг гахай зэрэг амьдыг зэрлэгээр хөнөөж, агнасан амьтдынхаа хамт зургаа татуулсан нь ил болсныг та бүхэн харж байна. Энэ үйлдлээрээ тэрээр ард түмнээс “Баавгай” Батхүү "цээрээр" дуудуулсан. “Бамбарууш” гэх тодотголыг харин УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүртсэн ч энэ тодотголдоо сэтгэл дундуур явдаг нь өнгөрсөн хугацаанд үгүйсгэгдсэн хэргээс нь харж болно. Мөнгөтэй болохоор нь мань залуугийн өмнө бамбарууш хүртэл үхэхээс гадна хүн хутгалсан хэргээ үүрүүлчих гэсэн хөгийн амьтад аппарат, камер ашиглан хуурамч баримт үйлддэг юм шиг тайлбарладаг.


Үнэг Батааг бид мартаагүй. Тоо толгойг нь “өсгөх” зорилгоор нисдэг тэрэгнээс үнэг “шүүрэх” гээд осолдож балрах шахсан бас “мужик”  монгол эр хэн бэ гэвэл түүнийг л заах байна. Харин түүний араас сонгогчдынхоо хоттой хонийг хамгаалах гэж Батлан хамгаалахын сайд байсан нөхөр нисдэг тэргээр чонын бэлтрэг суулингаа алдсан гэж байгаа. Говь-Алтайн өлөн цөөврүүд сонгогчдынх нь шөлний хэдээс нь шоглоод байхаар нь УИХ-ын гишүүн Ц.Дашдорж аймгийн Тамгын газартайгаа нийлж байгаад 50 сая төгрөгийн санхүүжилттэйгээр 273 чоно нэг дор агнаж Монголын үе үеийн рекордыг эвдсэн эр. Ер нь УИХ-д Г.Баярсайханаас өөр чоныг хайрлая, хамгаалъя гэдэг хүн үгүй.

Галзуу хүмүүс хамгийн хайртай хүндээ халгаатай байдаг гэж эмч нар ярьдаг. Тэд хайртай хүнээ бусдад алдахгүй гэхдээ харамлаж амийг нь егүүтгэх тодхиолдол их гардаг гэсэн. Түүнтэй нэгэн адилаар хөх чоныг шүтсэн УИХ-ын гишүүд чоныг агнахгүй байх зохицуулалттай Г.Баярсайханы хуулийн төслийг унагааж орхисон.

Харийн ба бидний шүтээн

Сүүлийн үед монголчуудад их хэмжээний мөнгө өгч байгаа нэгэн шувуу юу вэ гэвэл бүгд л зөв хариулт буюу шонхор гэдгийг хэлнэ. Дэлхий дээр 60 орчим зүйл шонхор байдгаас Монгол оронд 10 зүйл Шонхор тархжээ. Манай оронд тархсан шонхруудаас хамгийн том биетэй нь идлэг шонхор. Идлэг шонхрыг харин арабууд өндөр үнээр авах сонирхолтой. Манайд тэр нь элбэг учраас арабуудад зарж эдийн засгийн нэгээхэн хэсгийг бүрдүүлэх нь зүй гэсэн бодлогыг төрөөс баримталдаг. Гэтэл 2010 онд явуулсан судалгаагаар Монгол оронд 6830 орчим идлэг шонхор байгаа гэсэн дүн мэдээ гарчээ. Энэ нь дэлхий дээрх нийт идлэг шонхрын 45 орчим хувь нь манай улсад байна гэсэн үг юм. Идлэг шонхор нь  Монгол Улсын Амьтны аймгийн тухай хуульд заасан ангиллын дагуу элбэг амьтны ангилалд багтдаг тул арилжааны зориулалтаар барьж экспортлох нь эрх зүйн хувьд нээлттэй. Л.Гансүх сайд байхдаа “2000-2010 онд нийтдээ  2751 толгой идлэг шонхор худалдсан бөгөөд улс, орон нутгийн төсөвт нийт 18.4 сая ам.доллар төвлөрүүлсэн” гэж хэлж байсан нь хэвлэлийн шарласан хуудсанд баримт болон үлджээ. Өөрөөр хэлбэл, Монголын нийт шонхрын 30 хувьтай, дэлхийн нийт шонхрын 15 хувийг нь манайхан арабуудад арилжчихсан гэсэн үг. Энэ янзаар дахиад арван жил өнгөрөхөд Монгол идлэг шонхрынхоо 50 хувь, дэлхий 30 хувийг алдана. Учир нь идлэг шонхор 4-5 өндөг гаргадаг ч 2-3 нь л шувуу болдог. 

Мухар сүсгээс үүдсэн солиорол

Саяхан Ланд крузер хөлөглөсөн залуус талд чоно хөөж байгаад дайран хороож, машинаа дахин дахин “мялааж” буй балмад бичлэг монголчуудын жигшил зэвүүцлийн аль альныг нь төрүүлсэн. Машиных нь дугаараас эхлээд тэднийг хэн болохыг баталсан баримт, нотолгоо байсан ч манай хууль хяналтынхан арга хэмжээ авсан нь үгүй. Ижил хийморьтойдоо харагддаг, илүү хийморьтойдоо алуулдаг гэж утгагүй илийрэлд автсан залуус машинаа хүртэл амьд бодьгал гэж үзэх болсон бололтой. Тиймээс чоныг дайрвал машиных нь хийморь сэргэнэ гэх тэнэглэл бяцхан тархинд нь харвасан бололтой юм. Ер нь энэ мэт балмад, амьтныг зэрлэгээр хөнөөж буй үйлдэл олон нийтийн сүлжээгээр бишгүй тардаг болоод удаж байгаа ч түүнийг өөгшүүлэх мэт төр засгийн зүгээс хариу үйлдэл үзүүлэхгүй байна.

Ирээдүйгээ энэрэнгүй болгох уу, эрэмдэглэж орхих уу?

Мал муулахыг хүүхдэдээ харуулдаггүй монголчууд энэ бүх дэмийрэл, харгислал, хядлагыг хойч ирээдүйдээ чөлөөтэй үзүүлж, тэднийг дараагийн “алуурчид” болгох дасгалыг хийж байна. Гадны алаан хядаантай киноноос гадна амьтныг зэрлэгээр хөнөөсөн өөрсдийн бичлэг, зургаа бахархалтайгаар олон нийтийн сүлжээнд оруулахыг харсан, үзсэн хүүхдүүд энэ бүхнийг жигшихээсээ илүүтэй энгийн үзэгдэл гэх сөрөг сэтгэлгээнд бага багаар дассаар иржээ. Хүүхдүүд томчуудаас суралцан хайртай нохойн гөлөг, муужгайгаа элдэвээр тамлах, чулуудах нь  энүүхэнд болжээ. Тэр ч бүү хэл бусдыг буудан хороож, амиа егүүтгэх тохиолдолд ч цагдаагийн бүртгэлд бүртгэгдэх болов. Тиймээс л бид энэ бүх тэнэглэлээ зогсоож амь таслах хүйтэн зэвсгийн овоо хараагаар амьтны сайхан руу шагайхын оронд гэрэл зургийн аппаратанд буулган үлдээвэл сайхан биш гэж үү? Гэрэл сүүдрийн сайхныг мэдрэх гоё биш гэж үү? Анчин боллоо гэж эндүүрэн алуурчин болж, өөрсдийгөө хуурахын оронд хамаг амьтны тусын тулд ангийн буугаа аппаратаар соливол ямар вэ? Агнахдаа бус амь хэлтрүүлэхдээ анчин хүний ухаан оршдог гэдгийг даанч ойлгохгүй юм даа…

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж