Сүүний үйлдвэрлэлийн ийм алдагдалтай байдалд агуулах, савны асуудал голлон нөлөөлж байгаа юм. Бэлтгэсэн сүүгээ дээр дурдсанчлан хангалттай агуулах, савд хадгалж чадахгүй алдаад, алдсан хэмжээгээ нөхөх гэж гаднаас импортолсоор. Улсын хэмжээнд 1-5 тоннын хүчин чадалтай 10, 10-аас дээш тоннын хүчин чадалтай 10, нэг тонн хүртэл хүчин чадалтай 80 орчим гээд нийт 100 орчим сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цех ажиллаж байгаа ажээ. Эдгээрт төрийн өмчит, төрөөс туслан дэмждэг үйлдвэрийн газар байдаггүй буюу бүгд хувийн үйлдвэрүүд юм байна.Өөрөөр хэлбэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хувийн хэвшлийнхэн авч явж байна. Үргэлж л татвар, бизнесийн хүнд орчинд ажиллаж байна гэдэг хувийн хэвшлийнхэн улсын нэг гол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нуруун дээрээ авч яваа ажээ.
Тэгвэл салбарыг дэмжихээр өнгөрсөн жил “Чингис” бондын хөрөнгөөс 27.7 сая ам.долларыг төсөвлөсөн бөгөөд энэ нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл, сүүний чиглэлээр ашиглахын тулд импортоор үхэр авахад зориулагдаж буй.Одоогийн байдлаар бондын хөрөнгөөс 11 аж ахуйн нэгжид 12 төгрөгийн зээлийг олгосон байна. Энэ жил нэмэлт хөрөнгө оруулалтгүй, өнгөрсөн жилийн санхүүжилтээсээ шийдэх учиртай. Хөнгөлөлттэй зээл олгосон ч гэсэн бодлогын төвшинд анхаарах хэрэгтэйг түүхий эд бэлтгэгчид хэлдэг. Ноосны урамшуулал шиг үндэсний үйлдвэрт тушаасан сүүний литр тутамд урамшуулал олгодог болъё гэж ярьсан ч энэ жилдээ биелэлээ олохооргүй болсон. Учир нь улсын төсөвт урамшууллын хөрөнгө, мөнгийг тусгаагүй тул ирэх жилийн төсвөөс хүлээлттэй болсон юм. Ямартай ч нэгээхэн найдвар бол одоогийн байдлаар агуулах, савныхаа асуудлыг шийдэх. Энэ хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хоногт таван тонн сүү хөргөх, хадгалах хүчин чадалтай 50 хөргөх төв байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Үндэсний үйлдвэртээ сүү их хэмжээгээр авах, түүнд малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийг идэвхтэй татан оролцуулахад урамшууллын арга барил одоохондоо бүтэхгүй ч эхний ээлжинд сүү хөргөх, хадгалах төвүүдийг байгуулахаар ийнхүү зэхэж байна.