Сноуден дахин шуугиан тарилаа

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Сноуден дахин шуугиан тарилаа

-Тэрээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба Германы үйлдвэрийн эздийг танддаг байсныг илчиллээ-

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын албаны “NSA” тагнуулын газрын экс ажилтан Эдвард Сноуден Германы “ARD TV” телевизэд ярилцлага өгчээ. Ярилцлагынхаа үеэр Эдвард Сноуден АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын алба /АҮАБА/ Германы үйлдвэрийн эздийг тандаж, туршдаг байсныг ил болгосон байна. АҮАБА нь Америкийн фирмүүдтэй өрсөлдөгч Германы том компаниудыг тандаж, туршдаг байсныг Эдвард Сноуден ярилцлагадаа дурьдаад, Германы инженерийн “Siemens” компаниар жишээ татан, “АҮАБА компанийн мэдээллийг цуглуулах нь улс орны хүсэл сонирхолд хамаарах болохоос үндэсний аюулгүй байдалтай холбогдохгүй” гэдгийг онцолжээ. Ийнхүү АҮАБА-тай холбоотой дахин нэг таагүй мэдээлэл олонд ил болсноор Атлантын далайг дамнасан худалдааны наймааны итгэлцлийг сэргээхэд хүндрэл учирч магадгүй болжээ.

Үүнээс өмнө АҮАБА Германы канцлер Ангела Меркелийн гар утсыг чагнаж, танддаг гэх мэдээлэл том дуулиан дэгдээж, хоёр орны харилцаанд ан цав суулгасан билээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн долоо хоногт Германы “ZDF TV” телевизэд ярилцлага өгч, “Канцлерийн гар утсыг чагнаж, тандсан явдал нь алдаа байсан” хэмээгээд “Дахин ийм хэрэг болохгүй” гэж мэдэгдсэн юм.

Эдвард Сноуден нь АҮАБА-ны олон мянган нууц материалыг нууцаар хуулбарлан авч, нийтэд тарааснаас үүдэн АНУ-д түүнийг олон жилийн хорих ял сонсох хүлээж буй юм. Тэрээр өнгөрсөн наймдугаар сараас хойш ОХУ-д түр орогнож байгаа билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж