Энэ долоо хоногт “Давхар дээл” тайлах төслийг хэлэлцэхгүй

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

Энэ долоо хоногт “Давхар дээл” тайлах төслийг хэлэлцэхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан ч УИХ дээр гацаад байгаа. УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах төслөөр АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага аваад буй. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн  пүрэв гаригт Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага авсан. АН-ын бүлгийн завсарлага энэ долоо хоногийн пүрэв гаригт дуусах боловч УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаагүй байна. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн “давхар дээл” тайлах төсөл энэ долоо хоногт ч мөн л хойшлогдож таарах нь ээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Том төрөөс ухаалаг төр рүү шилжих бодлогыг тодорхойлж, эхний ээлжинд УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах төслийг өргөн барьсан. Гэвч энэ хууль УИХ дээр гацаанд ороод байгаа бөгөөд хоёрдугаар сарын 10-нд УИХ-ын чуулган завсарлах ёстой. УИХ-ын чуулган завсарлах тов тодорхой болооогүй ч УИХ-ын гишүүдийн “давхар дээл” тайлах төсөл Сар шинийн баярын дараа “бужигнуулах” бололтой.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж