“Болор цом” хүртсэн шүлэг

Хуучирсан мэдээ: 2014.01.27-нд нийтлэгдсэн

“Болор цом” хүртсэн шүлэг

"Болор цом" яруу найргийн наадам өнгөрсөн бямба гаригт /I.25/-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болж, 31 дэх удаагийн найргийн наадамд яруу найрагч Л.Моломжамц түрүүлж, О.Цэнд-Аюуш, Б.Батсайхан, Ч.Ууганбаяр, Д.Өсөх-Эрдэнэ нар айргийн тавд шалгарсан билээ. Ардын уран зохиолч Б.Лхагвсүрэн, Т.Галсан, яруу найрагч Б.Галсансүх, М.Саруулдалай, Н.Даваадаш нарын шүүн тунгаасан энэхүү наадамд түрүүлсэн Л.Моломжамц найрагчийн “Болор цом” хүртсэн шүлгийг сонирхуулъя.


Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс

Хорвоо дээр би ирж байснаа ч санах шиг алсад тэмүүлэн буйгаа ч тунгаах шиг

Хувьхан заяа тэнгэрээс тольдон намрын бороо цонхны цаана ч бас Сантын минь талд ч хөшиглөж байх шиг

Хорин жилийн тэртээд үлдсэн, аль эсвэл намайг үлдээсэн эмгийн минь дуу ч сэтгэлд хүүрнэн байх шиг

Хоног өдрүүдийг туулсан залуугийн мөр, шаргалхан хавтаст ном дотор биед минь сэрчигнэн буйг ч хуудас хуудсаар нь уншиж суунам

Зүсэрч байгаа бороо өнөөх л миний дотор буй гэнэхэн насны минь бүлэг дурдатгалууд

Хэдэн мянган үсэгний цаана нуугдах багын амрагийн дуртмал царай, зангирмал үгс, уйлсан нулимс

Зүйлийн хорвоод төөрүүлсэн олон зам, түүний дундаас миний олж чадсанаа гайхах нэг л үнэн бодомж

Хэзээ ба хожим дахин олоход хэтийдсэн бүдэг дэнлүүт үдшүүдээ ч гайхан бахдаж байна

Энэ миний дотор буй тэр л хуудсууд зарим нь их тод, зарим нь хэт бүдэг, урсаж балартсан

Энэ намрыг л ганцхан давж чадаад үгүйрэн хийсч одох нь их юм

Энэ миний сэтгэлд буй сүүлчийнхээ хүчээр тодроод сарнин урсаж буй дурсамж бүхнээ би

Эцэнгэр намрын бороот салхи, тогоруудын гэрэлт хүзүүнд зүүн уйтгарлан үлдэж буйгаа ч ойлгох юм

Миний дотор шувуу шиг бууж ааль юугаа дэлгэсэн мартагдахын аргагүй хонгорхон охинд ч

Миний багадаа унадаг байсан хайртай хүлгийн минь тунгалаг нүдэнд ч

Дэндүү багад минь одсон ч энхрий дотно хайрлан ширтдэг байсан ээжийн минь хөрөгт ч

Хэзээ ба хожим дахин ингэж учрахгүйн тулд л би зүүгдэн уймардаг ч байж болох юм

Этгээд намрын бороо цонхон цаана сэтгэл уйлан элэглэвч,

Эгэл нандин дурсамж дурсамж бүхнийг минь салхиaраа хийсгэн үгүйрүүлэвч

Эх нутгийн минь аглагт хэвтэх норсон чулуудын болор гэрэл бүхэн цугаар

Хэзээ ба хожмын минь зүгт уйтгарлашгүйн хүчээр сацарнам бусуу даа.

“Болор цом-31” яруу найргийн наадамд аман хүзүүдсэн О.Цэнд-Аюуш найрагчийн сүүлийн даваанд уншсан шүлгийг сонирхуулж байна.


Эх орны тухай бодол


Гүйцэт боловсорч ханаад хальсаа тэмтэрч байгаа жүрж шиг нартай
Гүү зогсоогоороо унтаад зүүднээсээ сэрж чадахгүй байгаа юм шиг талтай
Гүнрүүгээ түрсэн үндэс эрдэнийн чулууг тойрч байгаа юм шиг сартай
Гүүр хуучирч хөхрөөд урсан одож байгаа юм шиг салхитай
Эх орон минь

Цагаан согоо манан зуугаад амаржиж байгаа юм шиг үдэштэй
Цасыг биедээ зузаан түрхээд нойрсож байгаа толгод шиг гунигтай
Цангасан тэмээн дотроос зэрэглээ үүсч байгаа юм шиг говьтой
Цамцны минь товчийг арван долоотой охин цэцгээр орлуулж байгаа юм шиг үзэмжтэй

Эх орон минь

Эр зоригт бүргэд тэнгэртээ хаанчилж ханаад
Элгээ цөмөртөл газардсан юм шиг хөндийтөй
Эртний бурхад мөнхийн төгс галбирыг олоод
Эх хүн үрээ хүлээж нимгэрэхийг үзэж тэвчихгүй
хөдөлж чадахгүй байгаа юм шиг уулстай
Эрдэнийн гөрөөсний нулимс уран сормуусаас нь унаж байгаа юм шиг бороотой
Эвдэрхий буурал тэрэгний дугуйг эмээ минь өргөж босгоод явсан юм шиг солонготой

Эх орон минь

Алтан гүцний нарийн цоргыг тэлж
Гадаа далайн эрэг гарч ирэх гээд байгаа юм шиг гол мөрөнтөй
Амраг бүсгүй минь гансран үлдээд
Аглагт нь сууж дуулсан юм шиг ой модтой
Ариг цагаан ингэ сүүгээ дуслуулан гүйж ирж байгаа юм шиг ирэх цагтай
Айлын нүүдэл тэртээ алсыг тэмтэрч байгаа юм шиг буцах цагтай

Эх орон минь

“БОЛОР ЦОМ”-ын эзэд:

1983 он. Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж: “Хүн төрөлхтөнд хэлэх үг”
1984 он. Ардын уран зохиолч Д.Цоодол: “Нэр нь тодроогүй баатрууд”
1985 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: “Шагнал”
1986 он. Яруу найрагч Т.Очирхүү: “Чулууны магтаал”
1987 он. Ардын уран зохиолч П.Бадарч: “Тэмээ”
1988 он. Ардын уран зохиолч Т.Галсан: “Жирмийн сүлжээ”
1989 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж: “Малчин”
1990 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо: “Тэнгэр”
1991 он. Д.Нацагдоржийн шагналт Б.Ичинхорлоо: “Эх нутаг”
1992 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: “Хил дээр бичсэн шүлэг “
1993 он. Ардын уран зохиолч Д.Цоодол: “Миний муусайн найз нар”  
1994 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан: “Ганцхан ижийдээ унших шүлэг”
1995 он. Яруу найрагч Б.Дорпалам: “Хөөрлийн шүлэг”
1996 он. Төрийн шагналт Д.Төрбат: “Ижий шүлэг”
1997 он. Ардын уран зохиолч Д.Цоодол: “Хуучин дэр модны дууль”
1998 он. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн: “Ижийтэйгээ байхад”
1999 он. Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж: “Элсэн тасархай”
2000 он. Яруу найрагч Г.Мөнхцэцэг: “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”
2001 он. Төрийн соёрхолт Ц.Бавуудорж: “Хүрэл чоно”
2002 он. Д.Нацагдоржийн шагналт А.Эрдэнэ-Очир: “Зам”
2003 он. Яруу найрагч Д.Урианхай: “Шөнийн онгоц”
2004 он. Д.Нацагдоржийн шагналт Ж.Баяржаргал: “Арга билгийн ертөнц”
2005 он. Яруу найрагч Ж.Мөнхбат: “Бурхан хүсэл”
2006 он. Яруу найрагч Б.Галсансүх: “Англи хэлэнд итгэж зориулав”
2007 он. Яруу найрагч Ш.Лхамноржмаа: “Газрын үг”
2008 он. Яруу найрагч Л.Хасар: “Миний нэг өдөр ингэж санагдаад…”
2009 он. Яруу найрагч Х.Эрдэнэбаатар: “Нэргүй шүлэг”
2010 он. Д.Нацагдоржийн шагналт Ц.Хулан: “Би-Цагаан Дарь эх”
2011 он. Яруу найрагч Д.Болдхуяг: “Монгол хэл”
2012 он. Яруу найрагч Н.Гантулга: “Уулсын сэтгэлгээний тэлэлт “
2013 он. Яруу найрагч Л.Моломжамц: “Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж